АТАНАС ЗАПРЯНОВ: АНУ ИРАНЫ ЭСРЭГ АЖИЛЛАГААНД БОЛГАРЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ АШИГЛАХ ТАЛААР ХҮСЭЛТ ТАВИАГҮЙ

2026-02-24
АТАНАС ЗАПРЯНОВ: АНУ ИРАНЫ ЭСРЭГ АЖИЛЛАГААНД БОЛГАРЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ АШИГЛАХ ТАЛААР ХҮСЭЛТ ТАВИАГҮЙ

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг ирээдүйд явуулж болзошгүй ажиллагаанд Болгарын нутаг дэвсгэрийг ашиглах, эсвэл цэргийн ямар нэг оролцоо хүссэн зүйл огт байхгүй гэж Болгарын Батлан хамгаалахын сайд Атанас Запрянов Засгийн газрын ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр мэдэгдлээ.

Тэрээр АНУ-ын цэргийн нисэх хүчний техник хэрэгслийг “Васил Левски” нисэх буудалд байршуулсантай холбоотойгоор гарч буй таамаг, цуурхлыг няцаах зорилгоор энэ тайлбарыг өгч буйгаа онцолсон юм.

Сайд тайлбарлахдаа, “Враждебна” агаарын цэргийн баазад АНУ-ын болон Болгарын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилалт явагдаж байгаа бөгөөд энэ нь логистикийн дэмжлэгийн хүрээнд агаарт шатахуун цэнэглэх зориулалттай онгоцуудыг урьдчилан байрлуулах дадлага гээд, уг сургуулилалт нь АНУ, Ираны хооронд өрнөж буй нөхцөл байдал, хэлэлцээтэй ямар ч холбоогүй гэв.

Сургуулилалт нь Европын командлалын шугамаар урьдчилан төлөвлөгдсөн бөгөөд 15-аас илүүгүй нисэх онгоц, 500 хүртэлх бие бүрэлдэхүүн оролцоно гэж сайд мэдээллэсэн. Мөн “Враждебна” баазад зогсоол хүрэлцэхгүй тул онгоцуудыг Софигийн нисэх буудлын зарим зогсоолд байршуулсан байна.

Түүнчлэн уг сургуулилалт нь иргэний нислэгийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй бөгөөд нисэх буудлыг хаах шаардлагагүй гэдгийг тэрээр онцолсон.