ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОБУСУУД ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ

2026-08-03
ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОБУСУУД ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.

Энэхүү зохицуулалт нь наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, нийслэлийн хэмжээнд бүсчлэлгүйгээр мөрдөгдөж, автомашины улсын дугаарын сүүлийн орноор нь ангилан хөдөлгөөнд оролцуулах юм.

Харин Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгэлтэй, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус болон 8-аас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд замын хөдөлгөөнд хэвийн оролцоно.

Нийслэлийн зүгээс энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ хичээлийн шинэ жил эхлэх үеийн замын хөдөлгөөний оргил ачаалал, мөн олон улсын хэмжээний арга хэмжээтэй холбоотойгоор нэмэгдэх зочин, төлөөлөгч, жуулчдын урсгалыг харгалзан үзэж байгаа юм.

Албаныхны мэдээлснээр, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ нь иргэдийн зорчих нөхцөлийг хэвийн байлгах, түгжрэлийг бууруулах, нийслэлийн авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжиж байна.