Төрийн өмчит компаниудын мөнгө төрийн мөнгө биш Б.Энхбаяр аа...

2026-09-03
Төрийн өмчит компаниудын мөнгө төрийн мөнгө биш Б.Энхбаяр аа...

2027 оны төсвийн төсөл 10.6 их наядаар тэлж 43.6 их наяд болж орж ирсэн. Нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэх энэ том тоо төсөв захиран зарцуулагчдын зүүд нойрыг хулжааж буй биз. Харин төсөв бүрдүүлэгчид, түүний горыг нуруундаа үүрдэг иргэдийн хувьд таатай мэдээ биш байв. 10.6 их наядаар тэлж буй энэ мөнгөний 3.5 их наядыг төсвөөс гадуур найрладаг төрийн өмчит компаниудаас гаргах юм гэнэ. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэлэхдээ, "Төрийн өмчит компаниудад төсвөөс гадуур УИХ-аар хэлэлцдэггүй ,тайлагнадаггүй мөнгө байгаа. Ганц хоёр захирал нь шийддэг хэмжээ хязгааргүй авлига хулгай цэцэглэсэн. Үүнийг таслан зогсооно" гэв ээ. 

Төр өөрөө засаглалын зарчмаа алдагдуулж, төрийн өмчтүүдийнхээ данс руу шууд орон хуулиа зөрчих нь...

Төрийн өмчит компанийн данс төрийн данс биш шүү дээ гээд хэлээд өгөх зөвлөх байхгүй юу эсвэл гаргасан санаанд нь алга ташаад сууж байдаг орон тооны "бөглөөсүүд" байдаг уу. 

Хуульд төрийн өмчит компани бол төрөөс тусдаа хуулийн этгээд гэж заасан. Хулгай бий юу, бий. Дарга нар нь зүй бусаар зарцуулдаг уу, зарцуулдаг. Төрийн өмчитүүдийн дарга нарын суудал сонгуулийн арын албанд зүтгэгсдийн шагнал мөн үү, мөн. 

Гэхдээ аливаа төрийн өмчит компаниудыг төр 100 хувь эзэмшдэг байлаа ч компанийн дансанд байгаа мөнгийг хүссэн үедээ авч, төсвийн мөнгө шиг зарцуулж болохгүй. Ингэж болохгүй ээ гээд хуульд цагаан дээр хараар бичжээ. 

Б.Энхбаярынхаар бол төрийн өмчийн компаниуд төрийн өмч юм чинь мөнгө нь ч бас төрийнх нь байж таарч байгаа юм.  Хувийн компанийн захирлууд ч би байгуулсан юм чинь компанийн дансан дахь мөнгө минийх гэж шууд захиран зарцуулдаггүй шүү дээ. Төр үнэхээр өөрийн өмчит компаниудаас мөнгө авч зарцуулмаар байгаа бол тухайн төрийн өмчит компани  ашигтай ажилласан тохиолдолд өмчлөгчийн хувиар үр ашгаа ногдол  ашгаар хүртэх юм. Энд төр гэж эзэн биегүй субьект заагаад яахав. Угтаа бол Монгол Улсын Засгийн юм аа.

Хуульд бол "Компанийн тухай хуульд хувьцаа нь хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах зэрэг эрхийг олгодог" хэмээн  заажээ. Харамсалтай нь муу засаглалтай хулгай нүүрэлсэн төрийн өмчит компаниудад ашигтай ажилласан түүх бараг байхгүй болов уу...

Монгол Улсын төсөвт ч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ногдол ашгийн орлогыг төсвийн орлогоор тооцдог жишиг бий. Тиймээс ногдол ашгаа хүртэх компанийн дансан дахь мөнгийг шууд татаж авах хоёрт асар том ялгаа байгаа биз. Төр тухайн компанийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг байж болно.

Гэхдээ хувьцаа эзэмшигчийн эрх гэдэг нь компанийн засаглалын хүрээнд хэрэгжих эрх. Тиймээс компанийн өдөр тутмын хөрөнгө, мөнгө, гэрээ, өр төлбөр, ажиллагсад, бизнесийн үйл ажиллагаа нь тухайн компанийн өөрийн эрх зүйн харилцаанд хамаарна. Төрийн өмчит компани гэдэг нэртэй боловч хэрэв төр компанийн дансанд байгаа мөнгийг хүссэн үедээ татаж, өөр зориулалтаар зарцуулдаг бол тухайн компани бодитоор бие даасан хуулийн этгээд байх утга учир нь алдагдана. Компани өөрийн орлогоо өөрийн үйл ажиллагаанд төлөвлөж зарцуулах боломжгүй болно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит хуулийн этгээд өөрт олгогдсон эд хөрөнгийг хуульд тогтоосон журмын дагуу эзэмшиж, ашиглахаар зохицуулсан байдаг. Мөн төрийн өмчийн хувьцааг худалдах, шилжүүлэх зэрэг үйл ажиллагаанд тусгай журам тогтоосон байна. 

Тэгвэл төр өөрийн өмчит компанийн мөнгийг шууд авч зарцуулбал тухайн компанийн бие даасан байдал алдагдана. Тухайн компани өөрийн орлогоо өөрийн үйл ажиллагаанд төлөвлөж зарцуулах боломжгүй болно. Компани эргэлтийн хөрөнгөгүй болж, үйл ажиллагаа нь доголдож, зээлээ төлж чадахгүй, хөрөнгө оруулалтаа хийх боломжгүй болвол эцсийн эрсдэл дахиад л төрд очино. Тэгвэл төр өөрөө тухайн компанийг төсвөөс санхүүжүүлнэ. Ингэхээр төрийн өмчит компанийн санхүүг төсөвтэй хутгаж байна гэсэн үг биш үү.

Төрийн өмчит компаниудын мөнгийг яах ёстой вэ гэж олон жил хэрэлдлээ. Б.Энхбаяр өөрөө ч 2020 онд төрийн өмчитүүдийн мөнгө 11 их наядаар хэмжигдэж байна гээд ярьж л байсан. Намын бусад нөхөд нь ч ярьж байв. Яагаад төрийн өмчит компаниудад аудитын шалгалт оруулж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж хариуцлага хүлээлгэдэгүй юм. Яагаад компанийн засаглалын хариуцлагыг сайжруулдаггүй юм. Яагаад хууль хяналтын байгууллага чинь ажилладаггүй юм бэ?

Хариулт нь ойлгомжтой. Эрх баригчид үедээ даргаа томилж, хамт хулгайлалцдаг болохоор тэр ээ.

Хамгийн их хулгай нүүрлэсэн төрийн өмчтүүдийн засаглалыг сайжруулж, хулгайг нь зогсоох ёстой болохоос биш хулгай их байна гээд компанийн дансан дахь мөнгийг хамж төсвөө санхүүжүүлбэл засаглалын хямрал нүүрлэнэ. Эргээд алдагдалд орсон компаниудаа төсвөөсөө санхүүжүүлээд алдагдал цоорхойнууд нь гинжин хэлхээ шиг л үргэлжлэх чөтгөрийн тойрогт орно. Иргэд л лай ланчгийг нь үүрэх л болно. Тэгсээр ч ирсэн.

Э.Чинзаяа