Монголын нийгмийн бүтээлч давхаргын асуудал, шийдлийг хэлэлцэнэ

2026-10-27
Монголын нийгмийн бүтээлч давхаргын асуудал, шийдлийг хэлэлцэнэ

Гэрэгэ бодлогын хүрээлэн болон Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөл хамтран Монголын нийгмийн бүтээлч давхаргын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, бодлогын боломжит шийдлүүдийг хэлэлцэнэ.

“Монголын нийгмийн бүтээлч давхарга: Дүр төрх, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг 2026 оны аравдугаар сарын 28-ны Лхагва гарагт 14:30–17:30 цагийн хооронд Улаанбаатар хотын Блю Скай тауэрын Топаз танхимд болно.

Тус хэлэлцүүлэг нь Монголын дундаж давхаргын өрхүүд, хөдөлмөр эрхлэгчид болон бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдэнд тулгарч буй бэрхшээлийг судалгааны үр дүнд тулгуурлан хэлэлцэж, нийгмийн бүтээлч давхаргын боломж, өсөлт хөгжлийг дэмжих бодлогын шийдлүүдийг тодорхойлох зорилготой юм.

Хэлэлцүүлгийн эхэнд “Монголын нийгмийн бүтээлч давхаргын дүр төрх” судалгааны үр дүнг танилцуулна. Үүний дараа оролцогчид World Café буюу бүлгийн оролцоонд суурилсан хэлэлцүүлгийн аргачлалаар тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжит хувилбаруудын талаар санал солилцоно.

Хэлэлцүүлгийн хүрээнд дэвшүүлсэн бодлогын шийдлүүдийг ач холбогдол, хэрэгжих боломжид нь үндэслэн эрэмбэлж, цаашид намын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгах санал, зөвлөмж боловсруулах юм.

Монголын нийгмийн бүтээлч давхаргын бодит нөхцөл байдлыг тодорхойлж, тэдний амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн орчин болон хөгжлийн боломжийг дэмжих бодлогын шийдэл боловсруулахад энэхүү хэлэлцүүлэг чиглэнэ.

Тус арга хэмжээнд эдийн засагчид, нийгмийн бодлого судлаачид, иргэний нийгмийн болон бизнесийн салбарын төлөөлөл, мөн уг сэдвийг сонирхсон иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН МЭДЭЭЛЭЛ

● Сэдэв: Монголын нийгмийн бүтээлч давхарга: Дүр төрх, асуудал, шийдэл

● Огноо: 2026 оны аравдугаар сарын 28, Лхагва гараг

● Цаг: 14:30–17:30

● Байршил: Блю Скай тауэр, Топаз танхим

● Зохион байгуулагчид: Гэрэгэ бодлогын хүрээлэн, Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөл

● Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1Ns6bKx-sE8EzSjTqlvHrSyKAHMmUuwtG61hZ6iKQ4Xs/viewform?edit_requested=true