“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН НААДАМД МОНГОЛ УЛСААС 10 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ

2026-10-13
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН НААДАМД МОНГОЛ УЛСААС 10 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ

“Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын зургаан төрөлд нийт 10 тамирчин өрсөлдөнө. 

Залуучуудын зуны IV Олимпын наадам 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар, Диамниадио, Сали хотод зохион байгуулагдана.

Энэ удаагийн наадам нь Олимпын хөдөлгөөний түүхэнд Африк тивд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Дэлхийн 204 орны 15–17 насны 2700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөхөөр төлөвлөжээ.

Монгол Улсаас бокс, дугуй, жүдо, элсний бөх, сагсан бөмбөгийн 3х3 болон усанд сэлэлтийн төрлөөр нийт 10 тамирчин оролцож, эх орноо төлөөлөн өрсөлдөнө.

“Дакар-2026” наадам нь эрэгтэй, эмэгтэй тамирчдын оролцооны тэнцвэрийг хангахын зэрэгцээ Африк тивийн 54 Үндэсний олимпын хорооны баг тамирчдыг оролцуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Түүнчлэн Олон улсын олимпын хорооноос энэхүү наадмыг спортын өрсөлдөөнөөр хязгаарлахгүйгээр тогтвортой хөгжил, боловсрол, соёл, залуучуудын оролцоог дэмжих олон улсын чухал талбар болгон хөгжүүлж байгаа юм.