ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-10-14
Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын Их Хурал ба Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан уг чуулга уулзалтад дэлхийн 23 орны 88 эмэгтэй парламентч “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” сэдвийн дор цуглаж өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулга уулзалтад нийт 32 орон, НҮБ болон олон улсын бусад байгууллага, иргэний нийгэм, судалгааны байгууллага, дипломат төлөөлөгчийн газруудаас 360 гаруй төлөөлөгч оролцлоо.





Бүгд хуралдаанд нийт 20 парламентын төлөөлөгч үг хэлэхдээ улс бүрийн нөхцөл байдал, парламентын түүх, тогтолцоо ялгаатай ч бодлого, шийдвэрт эмэгтэйчүүдийн үүргийг хүлээн зөвшөөрөх хэрэгцээ шаардлагыг нэгэн дуугаар онцлон тэмдэглэлээ.
Чуулга уулзалтын үр дүнг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хаалтын ажиллагааны үеэр танилцуулсан бөгөөд шийдвэр гаргах явцад эмэгтэйчүүдийн төлөөлөл дангаараа хангалтгүй, эмэгтэйчүүд удирдах албан тушаалд хүрэх боломж нь өөрөө нөлөөлөлд хүрэх боломжийг нэмэгдүүлнэ, эмэгтэйчүүд манлайлалд хүрэх нь тэгш, аюулгүй орчинд л бүрдүүлэх боломжтой, дотоодын хүчин чармайлтыг олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэгээр бэхжүүлэх шаардлагатай, тогтвортой урагшлахын тулд өргөн хүрээний түншлэл, харилцаа холбоо, тууштай байдал чухал, эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын талаарх хэвшмэл сөрөг ойлголтыг өөрчлөх талаар талаар эмэгтэйчүүд өөрсдөө зоригтой ажиллах хэрэгтэй, нэн ялангуяа орчин үед нийгмийн сүлжээ, хиймэл оюун ухааны салбарт үүсээд буй аюул эрсдлийн эсрэг дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэх зэрэг тодорхой дүгнэлтэд хүрч зөвлөмж гаргав.
Дээрх чуулга уулзалт нь жендэрийн тэгш байдлыг хууль тогтоох явцад урагшлуулах, улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх асуудлаар туршлага мэдлэг, санал бодлоо хуваалцах нэгэн шинэ индэр болсныг оролцогчид тэмдэглэж байв. Чуулга уулзалтын үр дүнгийн тухай баримт бичгийг Олон улсын парламентын холбоонд хүргэнэ.
Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт нь эмэгтэйчүүдийн эрх, оролцоо, манлайллын асуудлаар манай улсаас олон улсын тавцанд тууштай хэрэгжүүлж ирсэн хүч чармайлтын нэг бөгөөд Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт сүүлийн жилүүдэд зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн тэргүүлэх арга хэмжээнүүдийн үргэлжлэл боллоо. Монгол Улс 2022 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулсан билээ.



