Сербийн оюутнууд Александр Вучичийн эрх мэдлийг ганхуулав

2026-10-27
Сербийн оюутнууд Александр Вучичийн эрх мэдлийг ганхуулав

Сербийн оюутан, залуус улс төрийн тогтолцоондоо томоохон өөрчлөлт авчирч, 14 жилийн турш завсаргүй засагласан Александар Вучичийн эрх мэдлийг ганхуулж чадлаа.

Авлига, улс төрийн завхрал газар авч, Зүүн Европын авторитар удирдагч хэмээн шүүмжлүүлэх болсон Александр Вучичийн засаглалын үед хэвлэл мэдээллийн салбар хүртэл хоёр хуваагдан тэмцэлдэж байв.

Сербийн хэвлэл мэдээллийн орчин улс төрийн хатуу нөлөө, туйлшралд автаж, Засгийн газрыг дэмжигч хэвлэлүүд болон хараат бус, шүүмжлэгч хэвлэлүүдийн хоорондын зөрчил хурцадсаар ирсэн байдаг. Харин энэ удаагийн улс төрийн өөрчлөлтөөр хэвлэлүүдийн зөрчил намжих эсэх нь цаашдын үйл явдлаас хамаарна.

Нэг хүн удаан засаглахад улс төрөө дагаад хэвлэл мэдээллийн орчин хүртэл вакумждагийг иргэд нь хүртэл эсэргүүцжээ. Александр Вучичийн засаглалыг эсэргүүцсэн залуусын гол  шалтгаан 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нд болсон Нови-Садын төмөр замын буудлын осол байв. Тус хотын буудлын бетон саравч нурж, 16 хүн амиа алдсан нь төрийн хариуцлагын асуудал хөндөгдсөн юм.

Ослын дараа барилгын аюулгүй байдал, засварын ажлын чанар, хяналт шалгалттай холбоотой асуултууд ар араасаа гарч ирэв. Улмаар асуудал зөвхөн ослоор хязгаарлагдалгүй, Сербийн төрийн байгууллагуудын ил тод байдал, нийтийн хөрөнгийн зарцуулалт, албан тушаалтнуудын хариуцлагыг хөндсөн эсэргүүцлийн жагсаал болох нь тэр...

Энэ бол Сербийн иргэдийн төрийн байгууллагуудад итгэх итгэл хэр эмзэг болсныг ил гаргасан үйл явдал байлаа.

Ингээд Сербийн оюутнууд ослын талаарх баримтыг ил болгох, хариуцлагыг тогтоох, шударга мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардан жагсаалаа эхлүүлэв. Оюутнууд улмаар их сургуулиудын үйл ажиллагааг бойкотлох, олон нийтийн жагсаал зохион байгуулах замаар хөдөлгөөнөө улам өргөжүүлсэн байна.

Товчхондоо, Нови-Садын осол иргэдийн олон жилийн турш хуримтлагдсан бухимдалтай огтлолцсоноор Сербийн улс төрийг үндсээр нь өөрчлөх хөдөлгөөн болно гэж Александр Вучич лав төсөөлөөгүй биз...

Александар Вучич 2017 онд Сербийн Ерөнхийлөгч болсноос хойш улс төрийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, тус улсын улс төрийн гол тоглогч болов. Түүний нөлөө эрх баригч нам болон парламентдаа хүчтэй байв. 

Александр Вучичийн эрх мэдэл "дефакто хаан" болсныг сөрөг хүчнийхэн нь болон иргэний нийгмийн байгууллагууд олон жилийн турш хурцаар шүүмжилж ирсэн ч түүнийг эрх мэдлээс буулгаж чадаагүй.

Харин Сербийн оюутнууд энэ нөхцөл байдлыг өөрчлөх шинэ хүч болон гарч ирлээ. Тэд уламжлалт улс төрийн намуудын хүрээнээс давж, төрийн хариуцлага, шударга ёсны асуудлыг нийгмийн өргөн хүрээний шаардлага болгон хувиргаж чадсан юм.

Оюутнууд эхэндээ намын улс төрийн өрсөлдөөнөөс илүүтэй ослын талаарх мэдээллийг ил тод болгох, хариуцлага тогтоох, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарч байв. Энэ нь тодорхой улс төрийн намыг дэмждэггүй, эсвэл уламжлалт намуудад итгэл алдсан иргэдийг ч хөдөлгөөнд татан оролцуулах боломж бүрдүүлжээ. Оюутан, залуусын хөдөлгөөний хүчийг гурван үндсэн хүчин зүйлээр тайлбарлаж болно.

Нэгдүгээрт, тэд тодорхой, нийтлэг шаардлага тавьсан. Авлигатай тэмцэх, хариуцлага тооцох, төрийн үйл ажиллагааг ил тод болгох шаардлага нь үзэл суртал, улс төрийн байр суурийн ялгаанаас үл хамааран олон хүнийг нэгтгэх чадвартай байв.

Хоёрт, хөдөлгөөн нийгмийн итгэлцэлд тулгуурласан. Их сургуулиуд, иргэний нийгмийн төлөөлөл, залуучууд болон бусад иргэдийн оролцоо хөдөлгөөнийг нэг байгууллагын хүрээнээс гаргаж, өргөн хүрээний нийгмийн үзэгдэл болгожээ.

Гуравт, тэд улс төрийн төлөөллийн асуудлыг хөндсөн. Уламжлалт намуудад итгэл алдсан сонгогчид өөрсдийн шаардлагыг илэрхийлэх шинэ суваг хайж байсан бөгөөд оюутнуудын хөдөлгөөн энэ орон зайг нөхөж чадсан юм.

Ингээд 2026 оны аравдугаар сарын 25-нд Сербид ээлжит бус парламентын сонгууль болсон. Сонгуулийн дараа Вучич ялагдлаа хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл гарч, аравдугаар сарын 26-нд урьдчилсан дүнгийн талаар мэдээлжээ. Уг сонгуульд оюутнуудын дэмжсэн улс төрийн жагсаалт амжилт үзүүлж, Александр Вучичийн дэмжсэн эрх баригч хүчний байр суурь сулрав.

Гэхдээ Александр Вучичийн дэмжсэн улс төрийн хүчин парламентын сонгуульд ялагдсан нь Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон гэсэн үг биш. Парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль нь тусдаа үйл явц гэдгийг уншигчид ойлгоно биз.

Цаашид оюутнуудын дэмжсэн улс төрийн хүчин засгийн газар байгуулж, олон нийтийн өмнө өгсөн амлалтаа бодит ажил болгох шаардлагатай. Авлигатай тэмцэх, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод болгох амлалтууд нь бодит институцийн шинэчлэл болж чадах эсэх нь Сербийн цаашдын замналыг тодорхойлно.

Серби бол Балканы бүсийн геополитикийн чухал улс учраас цаашид тус улсын гадаад бодлого хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг олон улсын шинжээчид анхааралтай ажиглаж байна.

Учир нь  Серби Европын холбоонд зорилготой ч ОХУ, Хятадтай харилцаагаа үргэлжлүүлж, цэргийн төвийг сахих бодлого баримталдаг.

А.Вучичийн засаглалын үед Белград барууны орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ ОХУ-тай эрчим хүч, улс төрийн холбоогоо хадгалахыг зорьж ирсэн. Харин Хятад улс дэд бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэлээр Сербийн чухал түнш болжээ.

Европын холбооны хувьд Сербийн институцийн шинэчлэл, хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх бодлого сайжрах нь тус улсыг Европын интеграцад ойртуулах боломжтой. Гэхдээ Сербийн эрчим хүчний хэрэгцээ, түүхэн харилцаа, эдийн засгийн ашиг сонирхолд ОХУ-ын нөлөө их. 

Тиймээс Сербийн улс төрийн өөрчлөлт геополитик хийгээд гадаад харилцаанд нь ямар өөрчлөлт авчрах нь сонирхолтой. Цаг хугацаа харуулах биз.