Э.Макрон: Францад хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд орон зай байх ёсгүй

2026-10-19
Э.Макрон: Францад хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд орон зай байх ёсгүй

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон улс оронд үүссэн хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг эрс буруушааж, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд халдсан этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Тэрбээр төрийн захиргааны байгууллагуудын барилга байгууламжийг эвдэн сүйтгэх, аж ахуйн нэгжүүдэд халдах, хотын захиргааны байруудыг дээрэмдэх зэрэг үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүйг онцолж, ийм хэрэгт холбогдсон этгээдүүд зохих шийтгэл хүлээх ёстой гэв.

Мөн жагсаал цуглаан хийх эрхийг хамгаалахын зэрэгцээ нийтийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй хууль сахиулах байгууллагын алба хаагчдад Францын ард түмний дэмжлэгийг илэрхийлжээ.

Макроны мэдэгдсэнээр, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тасалдуулж, тайван замаар үзэл бодол, шаардлагаа илэрхийлэхийг хүссэн иргэдийн эрхийг хязгаарлахыг зорьж буй эмх замбараагүй байдал өдөөгчдийн эсрэг Францчууд эв нэгдэлтэй байх шаардлагатай аж.

Юу болов?

Францад “Шар хантаазтнууд”-ын бослого дахин өрнөлөө

Францад амьжиргааны өртөг, нийгмийн тэгш бус байдал, төрийн үйлчилгээний чанартай доройтсонтой холбоотой иргэдийн бухимдал нэмэгдэж, шар хантаазтнууд тэмцэл өрнүүлсэн эмх замбраагүй байдалд шилжлээ. Жагсагчид цагдаа нартай мөргөлдөж улмаар  гудамж талбай түйвээж, дэлгүүр, хоршоо, дэлхийн брэндүүдийг тонож эхлэв. Францын Дотоод хэргийн яамны мэдээллээр жагсаалд 550 гаруй мянган хүн оролцсон гэжээ. Харин зохион байгуулагчдын зүгээс 800 мянга орчим хэмээн мэдээлсэн байна.

Жагсаалын үеэр баривчлагдсан хүний тоо 1,200-д хүрсэн бөгөөд үймээний намжаах ажиллагаанд оролцсон 150 гаруй цагдаагийн алба хаагч бэртэж гэмтжээ. 

Анх 2018 оны 11-р сард шатахууны татварын нэмэгдлийг эсэргүүцсэнээр эхэлсэн тус хөдөлгөөн удалгүй өргөжиж Засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөн болж байсан юм. Шаардлага нь амьжиргааны зардал өсөж, иргэдийн орлого өдөр тутмын хэрэгцээгээ хангахад хүрэлцэхгүй байгааг шүүмжилж, төрийн бодлогод өөрчлөлт оруулахыг шаардаж байв.

Өнөөдөр ч мөн тэдний шаардлага хэвээрээ бөгөөд нэмээд тэтгэврийн нэмэгдэл хийгээд, боловсролын асуудал багтжээ. Энэ жагсаал ахлах ангийн сурагчдын жагсаалын арын араас үргэлжилж байгаа бөгөөд нийгмийн бүлгүүдийн шаардлага давхцаж байгаа нь эсэргүүцлийн хөдөлгөөний цар хүрээг нэмэгдүүлэх хандлагатай байна.