Стив Уиткофф, Жаред Кушнер Орос Украины дайныг төгсгөл болгох дипломат хэлэлцээг дахин эхлүүлэв

2026-09-06
Стив Уиткофф, Жаред Кушнер Орос Украины дайныг төгсгөл болгох дипломат хэлэлцээг дахин эхлүүлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нартай Кремльд гурван цаг гаруй хаалттай хэлэлцээ хийлээ. Есдүгээр сарын 5-нд болсон уг уулзалт Украины дайныг зогсоох талаар Вашингтоноос явуулж буй дипломат хүчин чармайлтыг дахин идэвхжүүлж буй хамгийн өндөр түвшний уулзалтуудын нэг боллоо.

Кремлийн мэдээллээр хэлэлцээ гурван цаг 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уулзалтыг “маш ашигтай”, “бүтээлч”, “туйлын илэн далангүй” болсон гэж тодорхойлжээ. Гэхдээ уулзалтын дараа талууд ямар нэгэн томоохон тохиролцоонд хүрсэн тухай зарласангүй.

Стив Уиткофф, Жаред Кушнер нарын Москва дахь айлчлалын гол зорилго нь Орос–Украины дайныг дуусгах боломжтой улс төрийн шийдлийн талаар В.Путины байр суурийг шууд сонсох, улмаар Вашингтоны санал болон Москвагийн шаардлагын хоорондын зөрүүг багасгах явдал байв. Кремлийн мэдээллээр АНУ-ын төлөөлөгчид дайныг дуусгахтай холбоотой “хэд хэдэн санаа, боломжит замнал” танилцуулсан боловч тэдгээрийн агуулгыг нарийвчлан нийтэд мэдээлээгүй байна. 

Мөн В.Путин уулзалтын үеэр нөхцөл байдлыг “нарийн төвөгтэй” хэмээн тодорхойлж, мөргөлдөөний бүх бүрэлдэхүүн хэсгийг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр Трампын энх тайван тогтоох хүчин чармайлтыг үнэлж буйгаа илэрхийлжээ. 

Энэ нь Москва Вашингтонтой шууд хэлэлцээ хийх сувгийг хаах бус, харин Д.Трампын засаг захиргаатай тохиролцох боломжийг үргэлжлүүлэн хайж байгааг харуулж байна. Гурван цаг гаруй үргэлжилсэн уулзалт дипломат ахицын дохио боловч үүнийг энхийн тохиролцооны бодит үр дүн гэж үзэхэд эрт байна.

Хэлэлцээний дараа газар нутгийн маргаан, Украины аюулгүй байдлын баталгаа, НАТО-гийн асуудал зэрэг дайныг дуусгахад хамгийн хүнд саад болж буй асуудлуудын талаар талууд тохиролцсон гэх мэдээлэл гараагүй. Ройтерс агентлагийн мэдээлснээр Оросын үндсэн байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр бөгөөд Москва Украины газар нутгийн асуудал болон НАТО-гийн ирээдүйн харилцаатай холбоотой шаардлагуудаа хадгалж байна. Киев харин газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах байр суурьтай хэвээр байна. Уулзалтын өмнөхөн В.Путин Киевт чиглэсэн цохилтыг 72 цагийн хугацаагаар түр зогсоох шийдвэр гаргасан байна. Түр завсарлага есдүгээр сарын 6-ны шөнө эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ нь АНУ-ын төлөөлөгчдийн Москва, Киев дэх айлчлалтай давхцаж байна.

Энэ айлчлалын хамгийн чухал хэсэг нь Москвагийн дараа болох Киевийн уулзалт гэж шинжээчид дүгнэж байна.

Тодруулбал, Стив Уиткофф, Жаред Кушнер нар есдүгээр сарын 6-нд Киевт айлчилж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөж байна. Ингэснээр АНУ-ын төлөөлөгчид эхлээд В.Путинтэй нүүр тулан ярилцаж, дараа нь Украины удирдлагатай уулзах замаар хоёр талын байр суурийг ойртуулах оролдлого хийж байна. 

Эцэст нь В.Путин, Стив Уиткофф, Жаред Кушнер нарын Кремл дэх гурван цаг 10 минутын хэлэлцээ нь энхийн хэлэлцээг дахин хөдөлгөх оролдлого байлаа хэмээн олон улсын шинжээчид онцлов. Мэдээж уулзалтын хамгийн том ач холбогдол нь Вашингтон–Москвагийн өндөр түвшний шууд дипломат суваг дахин идэвхжсэнд оршино гэжээ.

Тэгвэл Кремлийн гаргасан албан ёсны мэдэгдэлд, талуудын уулзалт “маш ашигтай, бүтээлч, илэн далангүй” гэж үнэлсэн боловч бодит үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Харин АНУ-ын төлөөлөгчид Москвагаас шууд Киев рүү хөдөлж байгаа нь энэ үйл явцын дараагийн, магадгүй бүр ч хүнд шат эхэлж байгааг харуулж буй үйл явдал болов.