ТӨСӨВ ТЭЛЭВ. ТӨГСГӨЛ ТУЛАВ...
Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл олны анхаарлыг татсан “ТОМ ТООГООР” эхэллээ. 43.6 их наяд төгрөг…
Н.Учралын Засгийн газар урьдын алдааг давтаж, 43.6 их наядын төсвийн төсөл өргөн барьж буй нь намрын улс төрийг өрдөх нь. Инфляц 13, бодлогын хүү 12.5 хувьтай байхад төсөв 10.6 их наядаар тэлж буйг иргэд халаасаараа нөхөх үйлтэй юмсанж. Тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөгөөр тооцсон тул ирэх оны төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсөлд тусгаж, 2026 оны наймдугаар сарын 31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.
Өнгөрсөн 10 жилд төсөв хэрхэн өссөнийг харьцуулан харвал 2016 оны төсөв 9.7 их наяд, 2026 онд 32.9 их наяд төгрөг байсан бол ирэх оны төсөв шууд 43.6 их наяд болж орж ирж байна. Өөрөөр хэлбэл, ердөө нэг жилийн хугацаанд нэмэхээр төлөвлөж буй 10.6 их наяд төгрөгийн зарлага нь 2016 оны бүтэн жилийн төсвөөс ч давсан дүн гэсэн үг.
Гэтэл 2026 оны долдугаар сард Монгол Улсын жилийн инфляц 13 хувьд хүрч, Монголбанк инфляцын дарамтыг бууруулахын тулд бодлогын хүүгээ 12.5 хувь болгож нэмэгдүүлсэн. Инфляцын өсөлтөд хүнс, шатахуун, төрийн зохицуулалттай бараа бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлж байгаа бөгөөд нийлүүлэлтийн шалтгаант үнийн өсөлт нь тээвэр, үйлчилгээ болон бусад бүтээгдэхүүний өртөгт дамжин нөлөөлөх эрсдэлтэйг Монгол банк анхааруулсаар байна.
Монголбанк эрэлтийг хумих чиглэлд мөнгөний бодлогоо чангаруулж байхад Засгийн газар төсвөө огцом тэлж, эсрэгээрээ эрэлтийг улам өдөөх бодлого хэрэгжүүлж байна. Монголбанк, Засгийн газрын бодлогын уялдаа хаана байна вэ? Төсөв, мөнгөний бодлого нэгэн чиглэлд ажиллах ёстой биш билүү? Хоёр толгойтой, нэг сүүлтэй могойн үлгэрээр хоорондоо “хэрэлдсээр хөлдөж үхэх вий”…
Үр ашиг багатай урсгал зардал, давхардсан дэд бүтэц, богино хугацааны хэрэглээг дэмжих зарлага давамгайлбал төсөв томорсон ч эдийн засгийн бүтээмж "0" заана. Мөн дотоодын үйлдвэрлэл эрэлтийг гүйцэхгүй бол нэмэгдсэн мөнгө инфляц, импорт, валютын ханшийн дарамт л болно.
2027 онд 110 сая тонн нүүрс, 2.1 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор өөдрөг төсөөлжээ. Гэвч Монгол шиг уул уурхайгаас өндөр хамааралтай эдийн засагт түүхий эдийн үнэ, экспортын хэмжээ төсөөлснөөс буурахад төсвийн орлого богино хугацаанд огцом тасрах эрсдэлтэй. Харин зарлага хэвээр үлдвэл алдагдал нэмэгдэх, эсвэл дахин тодотгол хийх шаардлага үүснэ. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурахад төсвийн орлого хэрхэн тасардгийг бид өнгөрсөн жилүүдэд хангалттай харсан. Ийм эрсдэлийг тооцсон уу...
Төсвийн орлого сайн үед зарлагаа дагаад өсгөх бус, хуримтлал бий болгож, өрийн дарамтаа бууруулах нь мөчлөг сөрсөн төсвийн бодлогын үндсэн зарчим. Өнөөдөр орлого өндөр байлаа гээд маргаашийн орлого мөнхөд өндөр байна гэж "хөөрч" болохгүй. Ялангуяа нүүрс, зэсийн үнэ болон экспортын хэмжээний өчүүхэн өөрчлөлт ч төсвийн орлогод нөлөөлдөг эдийн засагт шүү дээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын данхар төсвийн эффектийг өнөөдөр татвар төлөгч та, би, чи хангалттай үүрч байна. Иргэн бүр зээлтэй, өдрөөс өдөрт өсөж буй талх, мах, шатахууны үнийг бидний орлого гүйцэхгүй байна. 43.6 их наядаар хэмжигдэх данхар төсвийн цаана 3.5 сая хүний аж амьдрал бий... Ирэх жилүүдийн дараалсан сонгуулийг угтсан төсвийг сөрөг хүчин улстөржүүлэх ээ мэдэх биз ээ...
Төсвөө тэлсээр төгссөн Л. Оюун-Эрдэнийн алдааг Н.Учралын засаг давтаж төгсгөлд тулах уу?...
Э.Чинзаяа
