“НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛИЙГ СОР17-ГИЙН 190 ГАРУЙ ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ҮЗЭЖ СОНИРХОНО

2026-08-04
“НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛИЙГ СОР17-ГИЙН 190 ГАРУЙ ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ҮЗЭЖ СОНИРХОНО

Монголын соёлын биет бус өв, үндэсний уламжлал, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг дэлхий дахинд сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 21-23-ны өдрүүдэд нийслэлийн Налайх дүүрэгт зохион байгуулагдана.

Энэ удаагийн фестиваль нь Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай уялдан зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Фестивалийг дэлхийн 190 гаруй орны төр, засаг, олон улсын байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид үзэж сонирхохоор төлөвлөжээ.

Фестивалийн хүрээнд Монголын бүх аймаг, үндэстэн, угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийг нэг дороос танилцуулж, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлал, үндэсний тоглоом, зан үйл, аман уламжлал, мал аж ахуйн өв соёл, үндэсний хоол, уламжлалт мэдлэг, арга ухааныг олон нийтэд толилуулах юм. Мөн өвлөн уламжлагчид ур чадвараа үзүүлж, залуу үед өв соёлоо өвлүүлэх сургалт, үзүүлбэрүүд зохион байгуулагдана.

Энэ жилийн фестиваль нь Монголын нүүдлийн соёл иргэншил, байгальтайгаа зохицон амьдрах уламжлалт мэдлэгийг дэлхийн улс орнуудын төлөөлөгчдөд бодитоор таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын олон улсын имижийг бэхжүүлэх чухал арга хэмжээ болохыг зохион байгуулагчид онцолж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болж, конвенцын 197 талын төлөөлөгчид, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улс энэхүү хурлыг зохион байгуулснаар бэлчээрийн тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах, нүүдлийн соёл иргэншлийн үнэт өвийг олон улсад сурталчлах боломж бүрдэж байгааг албаныхан онцолж байна.