АЗИЙН ТАЕКВОН-ДОГИЙН ШИЛДГҮҮД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА

2026-08-04
АЗИЙН ТАЕКВОН-ДОГИЙН ШИЛДГҮҮД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах Олон улсын таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээн эхлэхэд бэлтгэл ажил хангагдаж, оролцох улс орнуудын шигшээ багууд Монгол Улсад хүрэлцэн ирж байна.

Азийн тивийн шилдэг тамирчдыг нэг дор цуглуулах тус тэмцээн 2026 оны наймдугаар сарын 3-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 37 улсын 1280 гаруй тамирчин оролцож, таеквон-догийн төрөл бүрийн ангиллаар хурд хүч, техник ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөх юм.

Тэмцээнд оролцох гадаадын баг тамирчид Монгол Улсад хүрэлцэн ирсээр байгаа бөгөөд зохион байгуулагчид тамирчдыг хүлээн авах, тэмцээний талбай, байрлах байр, шүүлтийн баг болон бусад зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна.

Олон улсын хэмжээний энэхүү тэмцээн нь Монгол Улсад таеквон-догийн спортыг хөгжүүлэх, Азийн улс орнуудын тамирчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсыг спортын томоохон арга хэмжээ зохион байгуулах чадамжтай улс гэдгийг олон улсад таниулах ач холбогдолтой юм.

Таеквон-до нь бие бялдрын хөгжил, сахилга бат, хурд хүч, техник ур чадварыг хослуулсан дэлхийд өргөн хөгжсөн тулааны спортын төрөл бөгөөд Монголын тамирчид олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож, амжилтаа ахиулсаар байна.