АНУ-ЫН 150 ГАРУЙ ИХ СУРГУУЛИЙН СИСТЕМД НЭВТЭРЧ МЭДЭЭЛЭЛ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

2026-06-29
АНУ-ЫН 150 ГАРУЙ ИХ СУРГУУЛИЙН СИСТЕМД НЭВТЭРЧ МЭДЭЭЛЭЛ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

Монтенегро улсын хууль сахиулах байгууллагууд АНУ-ын хүсэлтийн дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд кибер гэмт хэрэг үйлдсэн нэгэн этгээдийг Котор хотод баривчилсан талаар мэдээллээ.

Баривчлагдсан этгээд нь 39 настай, Иран болон Турк улсын давхар иргэншилтэй эрэгтэй бөгөөд тэрээр олон жилийн турш АНУ-ын их дээд сургуулиудын компьютерийн системд зөвшөөрөлгүй нэвтэрч мэдээлэл хулгайлсан хэрэгт холбогдож байна.

Мөрдөн шалгалтын мэдээллээр тэрээр 2013 оноос хойш АНУ-ын 150 гаруй их сургуулийн компьютерийн сүлжээнд нэвтэрч, оюутан, багш, ажилтнуудын хувийн мэдээлэл болон сургуулиудын дотоод судалгааны материалыг хуулж авсан байна. Эдгээр үйлдлийн улмаас нийт хохирлыг ойролцоогоор 3.4 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.

Тэрээр сургуулиудын системийн сул талыг ашиглан нууц үгийн хамгаалалтыг давж, дотоод сүлжээнд нэвтэрч мэдээллийг хуулан авч, цааш дамжуулсан байж болзошгүй гэж үзэж байна.

Сэжигтнийг баривчилсны дараа түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх эсэхийг Монтенегрогийн шүүх шийдвэрлэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Энэхүү хэрэг нь боловсролын байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал хангалтгүй байгааг харуулсан ноцтой кибер халдлагын тохиолдол болж байна.