ШАТАХУУНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ТҮГЭЭЖ, НЭГ АВТОМАШИНД 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХЯЗГААР ТОГТООЛОО

2026-08-03
ШАТАХУУНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ТҮГЭЭЖ, НЭГ АВТОМАШИНД 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХЯЗГААР ТОГТООЛОО

Улсын хэмжээнд үүсээд буй шатахууны нийлүүлэлтийн хүндрэлтэй холбогдуулан авто тээврийн хэрэгсэлд шатахуун олгох түр зохицуулалтыг наймдугаар сарын 4-ний өдрийн 00:00 цагаас эхлэн мөрдөхөөр боллоо. Энэхүү зохицуулалт нь наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг тэгш, зохистой хуваарилахад чиглэж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.

Шинэ зохицуулалтын хүрээнд шатахуун түгээх станцууд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар үйлчилж, нэг автомашинд 50 мянган төгрөг хүртэлх хэмжээний шатахуун олгоно. Мөн задгай саванд шатахуун худалдахгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Албаныхны тайлбарласнаар энэхүү арга хэмжээ нь шатахууны нөөцийг богино хугацаанд үр ашигтай хуваарилах, шатахуун түгээх станцуудын ачааллыг бууруулах, орон нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилготой юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дэлхийн хэмжээнд газрын тос, шатахууны нийлүүлэлтийн сүлжээ доголдож, нефтийн зах зээлд хүндрэл үүссэн нь Монгол Улсад ч шууд нөлөөлж байгааг онцоллоо. Түүний мэдээлснээр, ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд өнгөрсөн долдугаар сард дроны довтолгоонд олон удаа өртсөний улмаас 16 үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, боловсруулах хүчин чадал нь 45 хувь хүртэл буурсан байна. Энэ нь Монгол Улсад нийлүүлэх шатахууны экспортод тодорхой хэмжээгээр нөлөөлж буй аж.

Нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд Засгийн газар хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, онгоцны түлшний 1000 тонн ачаа Замын-Үүд боомтоор орж ирээд байгаа бөгөөд ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагуудтай ажиллаж байна. Үүнээс гадна БНСУ-ын талтай нийлүүлэлтийн асуудлаар уулзалт хийж, БНХАУ-аас эхний ээлжинд 2000 тонн дизель түлш, 6000 тонн АИ-92 автобензин татан авахаар болсон байна.

Сайд Г.Дамдинням "Иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр шатахууны хангамжийг хэвийн байлгахын төлөө ажиллаж байна. Намрын ургац хураалтын үеэр шаардлагатай болох 7-10 мянган тонн дизель түлшний нөөцийг урьдчилан бүрдүүлэх нь чухал. Тиймээс байгаа нөөцөө зөв зохистой хуваарилж, хангамжийг тасалдуулахгүй, үнийг огцом өсгөхгүй байх зорилт тавин ажиллаж байна" гэж мэдэгдлээ.

Албан ёсны статистикаар Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр дунджаар 14 хувиар өсөж байна. Өнгөрсөн онд нийт 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар 1.783 сая тонн хэрэглэжээ. Үүний 30 хувийг АИ-92 автобензин, 63 хувийг дизель түлш эзэлдэг бөгөөд нийт хэрэглээний 80 орчим хувь нь төв болон говийн бүсэд ногддог байна.