Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР "ДАЙНЫ ҮЕ"-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ТУУЛЖ БАЙНА

2026-08-04
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР "ДАЙНЫ ҮЕ"-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ТУУЛЖ БАЙНА

Оргилмаа

-Дайнгүй Монголыг “дайнаас хождог” Монгол болгохын тулд Төр тархиа ажиллуулах цаг ирлээ-

Арабын нэгдсэн Эмират улс Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болох OPEC-с гарснаас хойшхи нийлүүлэлтээрээ 8-рт жагсаж байсан тус орон 4 дэх том нийлүүлэгч болсноос хойш шатахууны сэдэв Монголыг байтугай дэлхийг тайван байлгасангүй. Монголын онцлог нь хоёр том хөршийн дундах “Газарзүйн ч билүү геополитикийн ч билүү хоригдол” гэгдэх өрөвдөлтэй имижийг агуулсан мэт санагддаг байлаа. Энэ чинь харин өнөөдөр “давуу тал” болж гуравдагч хөршийн аливаа шахалтад орохгүй балансжуулж, тэнцвэржүүлээд явахад том дэм болоод байх шиг. Ямар ч байсан Оросын зах хязгаар мужаас Ардчилсан Монголоос шатахуун гуйхыг үзэв. “Хэрэв хил хаачихвал Монгол Улсад тэр гуравдагч хөршүүдээсээ ганц шуудай будаа ч авч чадахгүй байж” гэдэг үгийн үнэн, худлыг одоо л үзэж байх шиг.

Хермузийн хоолойтой холбоотой дайн намдах байтугай харин ч хүрээгээ тэлэх шинжтэй. Дэлхийн худалдааны 6 гол суваг байдгаас дундаж үүрэг рольтой 1 суваг нь нэг сарын хугацаанд хаагдахад, мөн нээсэн нэрээр хяхаж хавчаад хэдэн сар болоход л хэрхэн хямарч, эмх замбараагүй байдал, задрал явагдаж буйг бид харлаа.

Энэхүү Хермузын хоолойгоор дэлхийн нефтийн болон 30 орчим хувь нь нэвтэрч зах зээлд нийлүүлэгддэг. Энэ 30 хувийг 100 хувь гэж үзвэл түүний 80 хувь нь урд хөршид болон Энэтхэг, Япон, Тайван, Төв болон Зүүн Европын орнуудад нийлүүлэгддэг байна. Дэлхийн байгалийн хийн худалдааны 20 хувь нь Хермузын хоолойгоор дайрдаг. Үүнийх нь 83 хувь нь Ази руу, 17 хувь нь Европ руу нийлүүлэгддэг. Харин АНУ үлдсэн 20 хувийг нь л авдаг аж.

Дэлхийн эдийн засгийн ноёрхлын талаарх хамгийн сүүлийн судалгаануудаас харахад Венесуэль хамгийн их буюу 303.2 их наяд баррель газрын тосны нөөцтэйгээрээ тэргүүлдэг бөгөөд чанарын хувьд тэдний нефть хамгийн өтгөн, зууралт сайтай. Үүний дараа Саудын Араб 267.2 их наяд баррель газрын тосны нөөцтэй удаалдаг бөгөөд чанарын хувьд дунд зэргийн боловсруулалттай гэгддэг юм байна.

Эдгээр баялгууд нь дээрх бүс нутгийн орнууд, ард түмнийг нь улс төрийн хувьд аюулд учруулаад байгааг харж байна. Тэдгээрийн араас 145 их наяд баррелиар Ирак, 80.1 их наяд баррель газрын тостой ОХУ тус тус дэлхийн эдийн засгийн ноёрхолд тэргүүлдэг байлаа гэж... Нефть, байгалийн хий, чингэлэг тээврийн худалдаа бол дэлхийн худалдааны гол сувагууд бөгөөд манай улс нефть бүтээгдэхүүний хувьд бараг 100 хувь ОХУ-аас хараат байгаа нь бидний зовлон мөн боловч өнөөдрийн нөхцөлд бол БНХАУ шиг нефтийн бүтээгдэхүүнээ авах олон сувагтай байсан бол Филлипин шиг шок хүлээж авах байжээ гэж харагдаж байна. Гэтэл бид БНСУ-аас усан онгоцоор буух шатахуунаа зөвхөн Тяньжинаар бус хэд хэдэн боомтоор хүлээж авахаар зэхэж байна. Болж байна шүү дээ, дажгүй шүү.

Москвагийн бус Хермузын ханиад Монголд нөлөөлдөг болж эхэллээ

Нефтийн бүтээгдэхүүний татварын асуудлыг Засгийн газар, УИХ яриад үндсэндээ ойлголтоо нэгтгэж шийдвэр гаргасан. Импортын татварыг нь 5 хувийг тэглэх, гаалийн татварыг хөдөлгөөнтэй байлгах эрхийг Засгийн газарт өгсөн нь эхний зөв алхмууд мөн. Хамгийн гол нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа, улс төрийн тогтвортой байдал, хуучин шинэ Засгийн газрууд хоорондын бодлогын уялдаа маш чухал. Жишээ нь Г.Занданшатарын Засгийн газрын ажлыг үгүйсгэж болохгүй. Яах аргагүй тэдниий Засгийн газрын Шадар сайд Х.Ганхуяг ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссыг ахалж ажиллахдаа түлш шатахууны нийлүүлэлт, үнийг тогтворжуулах асуудлаар ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новактай уулзаж ОХУ-ын “Роснефть” бусад нийлүүлэгч ААН-үүдтэй хэлэлцээр хийхээр цаг тохирчихоод байж байтал Засгийн газар огцорчихсон. Одоогийн байдлаар АИ-92 үнэ 750 ам.доллар болж тогтворжсон. Дизель түлш болон АИ95 шатахууны хувьд Сингапурын ханшаар тооцогдож буйг тогтворжуулах хүсэлтээ гаргаад ажиллаж байсан. Үүнийг Н.Учралын Засгийн газар, Г.Дамдинням сайд үргэлжлүүлж байна. Манай тал 830 ам.доллар байхаар тогтворжуулах хүсэлт гаргачихаад байж байтал Засгийн газар солигдож, яг тэр үед нэг тонн дизель түлшний үнэ 90 хувиар нэмэгдчихсэн. Инфляц, гадаад валютын нөөцөд учрах эрсдэл гэдэг чинь улс төрийн эрх ашиг, сайд хэн байхаас үл хамаарсан Монгол Улсын том эрх ашиг шүү дээ.

Гэнэтийн “шок” даван туулах чадвар, Үндэсний эв нэгдэл, итгэлцэл сул байна

НҮБ-ын дэргэдэх олон улсын судалгааны “Энхтайвны сан”-аас дэлхийн 100 гаруй орныг хамруулж “Хямралд тэвсэртэй байдлын үнэлгээ” хийхэд Монгол Улс 120 орноос 49 дүгээрт орсон бөгөөд “шар бүс” буюу эмзэг, дунд түвшинд үнэлэгджээ. Яагаад? Үндэсний эв нэгдэл сул байна гэж дүгнэгдсэн нь нийгмийн дотоод нэгдэл, итгэлцэл хангалтгүй байгааг харууллаа. Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн бодлого, үндэсний аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагаан оролцох нь сул байна. Иргэд аюулгүй байдлаас илүүтэй өдөр тутмын амьжиргаа, эдийн засгийн хэрэгцээнд илүү анхаарал хандуулж буй нь энэ үзүүлэлтэд нөлөөлжээ. Мөн эрчим хүч, дэд бүтэц, санхүү, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг суурь салбаруудын үнэлгээ сул, Кибер аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, бизнесийн орчин, хүрээлэн буй орчин зэрэг 40 гаруй үзүүлэлтэд Монгол Улс дундаас доогуур үнэлэгдсэн байна. Энэ нь Монгол Улс хямралыг эсрэг хариу арга хэмжээ, гэнэтийн “шок”-ийг даван туулах чадвар сул, нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг байгааг харуулсан. Наад зах нь манай улс 2015 оноос хойш өрсөлдөх чадварын индекст хамрагдаж эхэлсэн атал 2025 оны байдлаар 69 орноос 65-д эрэмбэлэгдэж, сүүлийн арван жилийн хугацаанд 57-оос 65 дугаар байр руу“шидэгдчихээд" байна. Монголд ардчилал байна. Тусгаар тогтнол байна. Дэлхийн аль ч улстай харилцахад гадны хэнээс ч асуухгүй харилцаж чадаж байгаа нь юутай ч зүйрлэшгүй үнэт зүйл гэдгийг шатахуунд шахагдсан өдрүүдэд маш сайн ойлгож авлаа.