Хавьер Милей: Төсвийн алдагдлын төлөөсийг улс төрчид өөрсдөө хариуцна
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей төсвийн сахилга батыг бэхжүүлэх зорилготой “Fiscal Shackle” буюу “Төсвийн хүлээс” хэмээх хуулийг танилцуулж, төрийн санхүүгийн хариуцлагыг шинэ шатанд гаргах зоригтой алхамыг хийлээ.
Тэрээр уг хуулийг танилцуулах үеэрээ “Би ‘Fiscal Shackle’ хуулийг санаачилсан. Хэрэв улс төрчид ажлаа хийхгүй бол үнийг нь Аргентины ард түмэн биш, өөрсдөө төлнө. Эрх чөлөө мандтугай, Новш гэж... хэмээн онцолсон байна.
“Fiscal Shackle” хууль нь төрийн төсвийн сахилга батыг хуульчлах, улсын эдмйн засгийг урт хугацаанд тогтвортой байлгах зорилготой. Үүнд: Төсвийн алдагдлыг хатуу хязгаарлах; Орлогоос давсан төрийн зарлагыг хянах; Улсын өрийн өсөлтийг бууруулах; Санхүүгийн сахилга алдагдуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх; хамгийн чухал нь Засгийн газар солигдсон ч төсвийн сахилга батыг хадгалах тогтолцоог бий болгох зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Аргентин олон жилийн турш өндөр инфляц, төсвийн архаг алдагдал, улсын өрийн өсөлт зэрэг эдийн засгийн хүндрэлтэй тулгарч ирсэн. Төсвийн алдагдлыг мөнгө хэвлэх замаар нөхөх бодлого нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж, инфляцыг улам өсгөсөн гэж эдийн засагчид үздэг.
Ерөнхийлөгч Хавьер Милейн засаг захиргаа ийм нөхцөл байдал дахин үүсэхээс сэргийлэхийн тулд төсвийн сахилга батыг хуульчлах шаардлагатай гэж үзэж байна.
Засгийн газрын үзэж буйгаар уг хууль хэрэгжсэнээр төсвийн сахилга сайжирч, инфляц буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх боломжтой. Мөн сонгуулийн өмнөх популист шинжтэй хэт их төсвийн зарлагыг хязгаарлах ач холбогдолтой гэж тайлбарлажээ.
Харин зарим эдийн засагч ийм хатуу төсвийн дүрэм нь эдийн засгийн уналтын үед төрийн хөрөнгө оруулалт болон нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж болзошгүйг анхааруулж байна.
“Fiscal Shackle” хууль нь Аргентины төсвийн бодлогыг урт хугацаанд тогтвортой байлгах, улс төрийн шийдвэрийн санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой томоохон шинэчлэлийн нэг гэж үзэж байна. Энэхүү санаачилга нь тус улсын эдийн засгийг тогтворжуулах Ерөнхийлөгч Хавьер Милейн бодлогын чухал хэсэг бөгөөд хэрэгжилтийн үр дүн нь ойрын жилүүдэд тодорхой болох юм.
