ШИВШИГ БОЛЖ БУЙ МОНГОЛ
Азийн хамгийн нэр хүндтэй, олон уншигчтай хэвлэлүүдийн нэг "South China Morning Post"-д манай хорлон сүйтгэгчдийн талаар нийтлэл гарчээ. Улс нь олон улсын тавцанд нэр хүндээ өсгөх гэж 300 тэрбумыг зарцуулан КОП-17 зохион байгуулж байхад гуравхан шантаажчин сар бүр дэлхийн 190 орны 35 сая уншигчдад хүрдэг хэвлэлээр Монголыг шившиглэж орхилоо. Оюу толгойн баяжмалын замыг хааж танхайрсан асуудлыг ч дотор нь хөндөж... Засгийн газрын чинь нөр их хөдөлмөрийг хоёр гуравхан зандалчин үгүй хийчихэж байгаа юм биш үү Ерөнхий сайд аа?
Хэн монголд хөрөнгө оруулах вэ. КОП-17-оос хөрөнгө оруулалт татах чинь сэрүүн зүүд болоод болж буй биш үү?...
"South China Morning Post"-ийн нийтлэл:
Монгол Улс Хятадын талын аюулгүй байдлын болгоомжлолын дараа уучлалт гуйв
Хэрлэн тохойн газрын тосны талбайд болсон эсэргүүцлийн үеэр Хятадын хөрөнгө оруулалттай компанийн ажилтнуудын аюулгүй байдалд эрсдэл учирсантай холбогдуулан Бээжингээс Монголын талд шаардлага хүргүүлжээ.
Монголын нэгэн өндөр албан тушаалтан Хятадын хөрөнгө оруулалттай газрын тосны хайгуулын компанийн ажилчдын байрлаж байсан баазад дарамт үзүүлсэн гэх асуудлаар Хятадын Элчин сайдын яамнаас санаа зовниж буйгаа илэрхийлсний дараа уучлалт гуйжээ.
Монголын хэвлэлүүдийн мэдээлснээр, наймдугаар сарын 14-нд хэсэг жагсагч Хэрлэн тохойн XXVIII талбайд очиж, Mongolia Foison Energy компанийн газрын тосны хайгуулын ажлыг зогсоохыг оролдсон байна.
Жагсагчид болсон явдлыг цахимаар шууд дамжуулсан бөгөөд олон нийтийн сүлжээнд тарсан бичлэгт хоёр эмэгтэй Хятадын ажилчдын эд зүйлсийг байрлаж байсан газраас нь гарган авч, газарт хаяж байгаа нь харагджээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, уг хэрэгт холбогдсон Монголын хоёр иргэнийг саатуулсан байна.
Хятадын Элчин сайдын яамны мэдээлснээр, Хятадын хэргийг түр хамаарагч Цао Ли мягмар гарагт Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Буриад Дашпүрэвтэй уулзахдаа уг хэрэгт ноцтой санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Хятадын тал Монголын Засгийн газрыг Хятадын компаниудын хууль ёсны үйл ажиллагааг хамгаалж, мөн Монголд ажиллаж буй Хятадын иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах тодорхой арга хэмжээ авахыг уриалсан байна.
Уулзалтын үеэр АҮЭБ-ийн төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв болсон явдалд уучлалт гуйж, Монгол Улс Хятадын компаниудын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Мөн ийм үйлдэл нь Монголын үндэсний ашиг сонирхол, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж тэрээр онцолсон байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд холбогдох хүмүүсийг саатуулсан гэдгийг ч мэдээлжээ.
Mongolia Foison Energy нь Монголд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Хонконгод бүртгэлтэй Foison Energy Holdings Limited компанийн эзэмшилд байдаг. Тус компани Монголын Засгийн газартай 2024 онд Хэрлэн тохойн XXVIII талбайд газрын тосны хайгуул, олборлолт явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна.
Гэрээний дагуу компани найман жилийн хугацаанд хайгуулын ажилд ойролцоогоор 50 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ нь сүүлийн саруудад Монголд гарсан байгалийн баялагтай холбоотой хоёр дахь томоохон эсэргүүцэл болж байна.
Өнгөрсөн зургадугаар сард “Монголын эрс шинэчлэлийн хөдөлгөөн” гэх бүлгийн гишүүд Рио Тинтогийн хяналтад байдаг Оюу толгойн уурхайгаас Хятадын хил рүү зэсийн баяжмал тээвэрлэдэг замыг хаасан юм. Тэд уул уурхайн орлогоос монголчуудад илүү их хувь хүртээхийг шаарджээ.
Далайд гарцгүй Монгол Улс газрын тосны импортоос ихээхэн хамааралтай. Монгол олборлосон түүхий нефтийнхээ бараг бүхнийг Хятад руу экспортолдог бол дотоодын боловсруулсан газрын тосны хэрэгцээнийхээ 95 гаруй хувийг ОХУ-аас импортолдог байна.
Э.Чинзаяа
