ЕРӨНХИЙ САЙД “ХАМААРАЛ БҮХИЙ” СУРГУУЛИААРАА ХАРДУУЛСНЫ УЧИР НЬ “50 ТЭРБУМЫН ТӨСӨЛ”-Д БАЙВ УУ?
Оргилмаа
-Төрийн сургуулийн анги дүүргэлт буурсанд хувийн сургуулиуд ууртай байна-
Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий /ээжийн сургууль/ тоног төхөөрөмжгүй сүйд болоод салбарын яамнаасаа туучихаж гэнэ үү? Дэндүү шившгийн, санаатай үйлдэгдсэн энэхүү андуурал, гүтгэлгийн сэдэв, агуулгыг хаанаас олсон юм бол гэж сонирхлоо.
“БНСУ-ын 218 сургууль нэгдүгээр ангигүйгээр хичээлийн шинэ жилээ эхлүүллээ...” гэдэг мэдээлэл анхаарал татлаа. Энэ мэдээ ойрын хэдхэн жилийн дараа Монголд ирэх биз ээ. Учир нь төрөлтийн “boom”-тэй, зүйлэвээс манайд “Алтан гахай жилийн хүүхдүүд сургуульд орлоо гээд баахан анги дүүргэлтийн, сургууль олдохгүйн гачлан үүсэж байсан шиг юм л даа. Тэгэхээр аливаа улсын төр нь сургууль, цэцэрлэг барихдаа өмнөх байр нь нурж муудсанаас гадна шинээр барих газрын асуудал, хамгийн гол нь хүн ам зүйн төлөвлөлт судалгаагаа хардаг юм билээ.
Гол асуудалдаа орцгооё. Саяхан болтол Монгол Улс цэцэрлэгт хүүхдээ сургахдаа сугалаа сугалуулдаг байх гэж хэмээн гасалцгааж байв. Энэ асуудлаас салгасан бодлого нь эдүгээгийн салбарын сайд Л.Энх-Амгалангийн ажлаа хүлээж авангуутаа хийсэн эхний алхам болох “Гэрт ойрхон сургууль, цэцэрлэг” хөтөлбөр. Нэрийг нь би буруу бичсэн байж магад. Агуулгын хувьд “Хамгийн сайн сургууль, цэцэрлэг бол гэрт ойрхон сургууль, цэцэрлэг” гэсэн утгатай. Их хотын түгжрэл, утаа угаар, цаг агаарын гэнэтийн хүндрэл зэргээс харахад гэр, сургуулийн хооронд хүүхдийг урт хугацаагаар тээвэрлэн зөөснөөс сайн зүйл огт харагдахгүй байгаа юм. Маш их ядардаг, даардаг, урт хугацаа зарцуулснаар замдаа өлсөнө. Ийм байдалтайгаар зам туулж ирээд гэрийн даалгавраа хийх урам зориг төрөх үү, ядраад унтах уу гэхчлэн хүүхэдтэй хүн бүр ойлгохуйц зовлон бий.
“Гэрт ойрхон цэцэрлэг”
Сайд эхлээд сугалаанаас ангижруулахын тулд “Гэрт ойрхон цэцэрлэг” гээд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Улсын цэцэрлэг хүрэлцэхгүй, хувийн цэцэрлэгийн төлбөрийг дийлэхгүй энэ байдлыг арилгахын тулд “төлбөрөө төлөөд элсэх хүүхдүүдээ хүлээж буй” цэцэрлэгүүдтэй хэлэлцээрт орж, анги танхим түрээслэх, үүнийхээ төлөө тухайн хувийн хэвшлийн ААН-ийг хохироохгүйн туол хувьсах зардлыг нь хоёр дахин нэмэгдүүлж өгье гэхчлэн “Татгалзахын аргагүй санал” тавихад ихэнх нь таатай хүлээн авснаар өнөөдөр лав “Сугалаагаар цэцэрлэгт орох” тухай яриа намжсан харагдана.
“Гэрт ойрхон сургууль”
Энэ такитикаараа Ерөнхий боловсролын сургуулиуд руу шилжиж, “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг ярих болсон.
“Гэрт ойрхон сургууль” мөн адилхан хотхон, хорооллын зарим сургууль төлбөрөөс нь болоод элсэх сурагч цөөн, хоосон анги, танхим элбэг бол, мөн тухайн хотхон хороолол сургуульгүй бөгөөд шаардлага хангахуйц байр савтай бол улсын сургуулийн багшаа “нүүлгээд” зориулалтын талбайг нь түрээслэх, шаардлагатай ширээ, сандал зэргээр тохижуулах зэргээр дээрх “Татгалзахын аргагүй санал”-аа тавьж эхэлжээ. Хороолол, хотхоны эзэд ч, тухайн ангид сурах суралцагчдын эцэг эх ч, багш нар ч “win win” болсон гэж ойлгосон. Лав л нэг ангид 40-өөс дээш сурагчтай, өндөр дүүргэлттэй 8000 гаруй ангийн ачааллыг 60-70 хувь хүртэл бууруулсан гэдэг юм билээ. Хачин гоё санаа гэж хэлэх гээгүй л дээ. Аргаа ядсан арга боловч хүүхдийн сурах орчин, эрүүл ахуй, хүний эрх талаасаа зөв гэж бодож байна. Мөн дээр дурдсан түгжрэх замдаа ядардаг, даардаг, сурах идэвх буурдаг, амрах хугацаагүй болдог зэрэг бэрхшээл арилна, түгжрэл буурна. Бараг л хэдэн жил ярьсан “20 минутын хот” төсөл чинь үүн дээр бол бараг л бодитой харагдсан шүү.
Хувийн сургуулийнхан яагаад ууртай байна вэ?
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид маань анги дүүрэлтийн асуудал нааштайгаар шийдэгдсэнд ууртай байна уу даа? Лав хувьдаа сургуультай УИХ-ын зарим гишүүний ярианаас тийм мэдээлэл ойлгогдлоо. Хороолол, хотхон дотор байр, анги танхим түрээсэлсэн сургуулиуд спортын талбайгүй муухай, сургалтын чанар ч хангалтгүй байж мэднэ гэх тэдний шүүмжлэлийг хүндэтгэнэ. Гэхдээ нийслэлд шинээр сургууль барих газрын асуудал, барилаа гэхэд ямар хөрөнгөөр, хэр хурдан баригдах вэ, хэдэн багш, ажилтанг цалинжуулах хэрэгтэй болох вэ гэдгийг эрхэм гишүүн өөрөө сайн мэднэ. Товчхондоо хувийн сургууль, цэцэрлэгүүдийн эздэд төрийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байх тусмаа л бизнест нь сайн шүү дээ. Үүнийг муу муухай гэсэнгүй, бизнесийн л мөн чанар. Тэр тусмаа эрхэм гишүүний хувийн сургууль нь сарын 10 гаруй сая төгрөгийн төлбөртэй. Тэгсэн мөртлөө элсэн суралцагчаар пиг дүүрчихсэн. Тиймээс хандиваар суралцахыг хүсвэл 70 сая төгрөг шүү гэдгээ ил цагаан самбар дээр бичээд зарлачихсан. Тэгэхээр хандивын ангид нь элсэгч их л байвал түүнд гоё шүү дээ. Харин ард иргэдийн хувьд өөр. Гэртээ ойрхон улсын сургуульд хүүхдээ сургамаар байна. Хувийн сургуульд 70 сая төгрөг төлөөд хандивын ангид сургах боломж тэр бүр алга. Гэтэл улсын сургуулийн анги дүүргэлт 30-40 хувьтай, үнэ төлбөргүй байхад заавал хувийн сургуульд хүүхдээ сургаж яах юм бэ.
Хувьсах зардал ба “50 тэрбумын төсөв”?
Хувьсах зардал бол шинэ зүйл биш. Бүр цэцэрлэгүүд сугалаатай болохоос тээр өмнө ч байсаар ирсэн. Тогтмол зардалд байр дулаан, цэцэрлэгийн хүүхдийн хоолны төлбөр, хувьсах зардал гэдэгт багш, туслах багш, сургалтын хөтөлбөртэй холбоотой зардлууд багтдаг. Хувьсах зардлын гол логик нь юуны өмнө төр, хувийн хэвшлийнх ялгаагүй олгох атал “ачааны хүндийг хувийн хэвшлийнхэн үүрч байна” гээд тэд илүүрхдэг тал бий. Гэхдээ хувийн сургуулиуд маань хуулиараа газрын төлбөр, ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлөгддөг. Олон томоохон компани, группууд хувьдаа сургууль, цэцэрлэгийн бизнестэй байдаг нь үүнтэй ч холбоотой байх. Тэгсэн мөртлөө төрд санхүүгийн тайлан гаргаж өгдөггүй. Эцэг эхчүүд ч зардлаа тайлагнадаггүй, сурагчдад хэрэгцээгүй зүйлийг санхүүжүүлдэг, удирдлагууд нь тансаглалд зарцуулсан байж болзошгүй гэхчлэн гомдол гаргаад байдаг. Энэ бол тэдний хоорондын асуудал боловч анхаарал татдаг л юм.
Ямартай ч Боловсролын ерөнхий хуулийн 38.5. “Улсын төсвөөс дараах зардлыг санхүүжүүлнэ, үүнд: 38.5.1.холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн нэг суралцагчид олгох хувьсах зардал” гэсэн хуультай юм.
Ингээд төсвийн тодотголтой холбогдуулан хувьсах зардлыг сонирхож үзлээ. 2026 оны Хувийн сургуулиудын хувьсах зардал нийт 41.5 тэрбум төгрөг батлагдаснаас 10 дугаар сарын байдлаар 24.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Харин 2027 онд нийт 45.7 тэрбум төгрөг төлөвлөсөн байна.
“50 тэрбум” гэж гадуур яриад байна. Энэ төсвийг зарцуулах хувилбарууд нь бэлэн сургуулийг түрээслэх, сургуулийн барилга нь бэлэн, шаардлага хангасан мөртлөө зориулалтын ширээ сандал, тоног төхөөрөмжгүй бол тэр түрээсийг улсаас төлөөд жишээ нь таван жилийн хугацаатай түрээсэлж байгаад өмчлөх, үр дүнд нь тэр хотхон, хорооллын хүүхдүүд төрийн өмчийн, төлбөргүй сургуульд суралцдаг байх боломж байгаа юм. Тоног төхөөрөмж нь тухайн хувийн цэцэрлэг, сургуулийн өмчид бүртгэгдэнэ. Ийм хувилбарууд төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд, хотхон хорооллын эздэд тун таалагдаад буй.
Тэгэхээр хувийн сургуулиуд нь элсэгч хайгаад хоосон талбай, сурагч хүлээсэн багш нартай байх уу, улсын сургуулийн ачааллаас хөнгөлөөд талбайгаа түрээслүүлээд хувьсах зардлаа аваад, тоног төхөөрөмжтэй болоод авах уу гэдэг сонголт бий болгосон байгаа биз.
