Ираны стратеги дайны өртгийг өсгөсөөр байна
ОХУ Украиныг 3 хоногт эзэлнэ гэж байв. Одоо дайн 4 жил гаруй сунжирч байна. Энэ оны 2-р сарын сүүлээр Д.Трамп ч Ираныг хэдхэн хоногт сөхрүүлнэ гэж Израилтай хүч хавсран Ираныг бөмбөгдөж эхэлсэн. Шашны дээд удирдагч Аятолла Али Хамеинигаас эхлээд цэргийн томчуудыг нь "тонилгож" чадсан ч Ираны сөрөн тэсвэрлэх чадварыг дутуу тооцжээ. В.Путин В.Зеленскийг бассан шиг л тоглоом өрнөж өдгөө АНУ-Израил Ираны дайн 7 дахь сардаа орж байна.
Энэ хугацаанд АНУ-ын Ираны эсрэг дайнд зарцуулсан зардал наймдугаар сарын эхний байдлаар 38 тэрбум ам.доллар давжээ. Конгрессын төсвийн албаны тооцоогоор дайн үргэлжилбэл АНУ сар бүр дахин ойролцоогоор 2–3 тэрбум ам.доллар зарцуулах эрсдэлтэй байгаа АНУ-ын эдийн засагт нөлөөдөх хэмжээнд хүрч. Арга ч үгүй биз. АНУ-ын гадагш хийж буй олон цэргийн ажиллагааны задралын тооцоо ганц Иранд зарцуулж буй төсвөөр тогтохгүй.
Үнэнд гүйцэгдсэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ираны дайныг Конгрессын зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэх Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах зорилготой тогтоолыг 9-сарын 15-нд 220:204 саналаар баталлаа.
Тус тогтоолыг АНУ-ын Ардчилсан намын бүх гишүүн, Бүгд найрамдах намын 7 гишүүн дэмжсэн нь Ираны дайн Америкийн дотоодын улс төрийн томоохон сэдэв болсныг харуулж байгаа юм.
Гэхдээ уг тогтоол хэрэгжих эсэх нь цаашид Сенат болон Ерөнхийлөгчийн шийдвэрээс хамаарна. Яахав өмнө нь цэргийн ажиллагаануудыг шууд зогсоох тогтоолын төслүүд Сенат болон Ерөнхийлөгчийн босгонд бүдэрч байсныг нь сануулах нь зүйтэй. Юутай ч дайны өртөг Америкчуудыг залхааж буйг Д.Трампын эсрэг өрнөж буй жагсаалуудаас ч харж болно.
Ираны эсрэг урт хугацааны дайн АНУ-ын пуужин, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийн нөөцөд хомстол үүсгэх ирээдүйн бусад мөргөлдөөнд бэлэн байх чадварт ч нөлөөлж эхлэх нь.
АНУ, Израилын асар өндөр технологи, агаарын цэргийн хүчний эсрэг зургаан сар гаруй хугацаанд бууж өгөөгүй Иран "хатуу самар" аж.
Хохирлыг нь бол тооцоолж хэлэхэд ч эрт байна. Баттай тоо статистик ч хараахан гараагүй. Хэдийгээр 6 сард том хэмжээний байлдаан намжсан ч цохилт, сөрөг цохилт үргэлжилж, Ормузын хоолойн тээвэр хэвийн түвшиндээ ороогүй хэвээр байна.
Ираны “хатуу самар” гэгдэж буй гол шалтгаан бол стратеги. АНУ технологи, агаарын хүч, тагнуул, алсын тусгалын зэвсгээр давамгайлж байгаа бол Иран газарзүй, пуужин, дрон, далайн нарийн гарц болон удаан хугацааны тэсвэрлэх стратегидаа түшиглэж буй нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, Иран Америкийн давуу талтай талбарт бүх хүчээрээ өрсөлдөхөөс илүү, дайны явцыг сунжруулж, цаг хугацааг стратегийн давуу талаа болгожээ. Ираны пуужин бол үндэсний хэмжээний тогтоон барих хэрэгсэл. Үүгээрээ ч алдартай, өнгөрсөн цаг хугацааных нь халхавч байв.
Израилын цохилтуудаар Ираны пуужингийн дэд бүтцэд хохирол учирсан ч үйлдвэрлэл эргээд сэргэж буй гэх мэдээллүүд гарсаар. Зарим мэдээллээр Иран газар доорх байгууламжид пуужингийн үйлдвэрлэлээ сэргээж, үлдсэн эд анги, нөөцөө ашиглаж эхэлсэн байна гэв. Тиймээс Ираны шиг нүсэр пуужингийн хөтөлбөрийг агаараас хэдхэн долоо хоногийн дотор бүрэн устгах "зөөлөн боорцог" биш гэдгийг харуулж байна. Уг нийтлэл бодит мэдээлэлд тулгуурласан бөгөөд аль ч талын пропоганда байхгүйг мөн хэлэх нь зүй.
Мэдээж Ираны сөрөн тэсвэрлэх чадварт газарзүйн онцлогийг дурдах хэрэгтэй. Уулархаг нутаг, асар том газар нутаг, газар доорх байгууламж, тархмал цэргийн дэд бүтэц нь нэг дор бүх чадавхийг нь устгах боломжийг хязгаарлаж буй АНУ-ын цэргийн шинжээчид онцолж байна. Дайны эхний цохилтоор командлалын төв, бааз, зэвсгийн байгууламжийг устгаж болох ч улс орны бүх пуужин, бүх үйлдвэрлэлийн шугам, бүх нөөцийг нэгэн зэрэг устгах боломжгүй байв. Үүнээс гадна Ираны гол хөзөр Ормузын хоолой гэдэгтэй бүгд санал нийлэх биз. Манай Монголын шатахууны үнэнд нөлөөлж буй Ормузын хоолой Персийн булангаас дэлхийн зах зээл рүү чиглэсэн эрчим хүчний урсгалын гол зангилаа билээ. Энэ хоолойг Иран хаах буюу тээвэрлэлтийг саатуулж, бараг зогсонги байдалд оруулжээ. Газрын тосны үнэ ч тэнгэрт хадлаа. Тиймээс АНУ-ын хувьд Ираны цэргийн байгууламжийг бөмбөгдөхөөс гадна далайн тээврийг хэвийн болгох нь нэгэн зэрэг шүд, толгойн өвчин болсон юм.
Хамгийн сонирхолтой парадокс юу гээч...
АНУ цэргийн хүчээр Ираныг шахна. Гэхдээ Иран хариуд нь дэлхийн эдийн засагт нөлөөлөх хэмжээний эрсдэл үүсгэж чадна. Өөрөөр хэлбэл АНУ Ираны цэргийн чадавхийг үгүй хийхээр улайрах тусам дэлхийн эрчим хүчний зах зээл, далайн тээвэр, газрын тосны үнэ, Америкийг эргээд буланд шахаж байна.
Ямар сайндаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ираны дайныг Конгрессын зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэх Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах зорилготой тогтоолыг 220:204 саналаар батлаж байх вэ дээ.
Иран АНУ-ыг цэргийн хувьд дийлэх шаардлагагүй. Харин АНУ-ын дайны өртгийг улам нэмэгдүүлж, Д.Трампын улс төрийн дэмжлэгийг сулруулж, холбоотнуудыг эргэлзүүлж, эцэст нь дайн хийх, "дэлхийн цагдаа" байх хэнд ямар ашигтай юм гэх асуултыг Америкт өөрөө өөрт нь тавиулж чаджээ.
Үүгээр л Ираны сөрөн тэсвэрлэх стратегийн хамгийн чухал хэсэг нь "цаг хугацаа" гэдэг харагдав.
Э.Чинзаяа
