ОХУ-Д ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ

2026-09-18
ОХУ-Д ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ

ОХУ-д парламентын сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ. Төрийн Думын шинэ бүрэлдэхүүнийг сонгох санал хураалт есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ нь ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойшхи анхны парламентын сонгууль болж байна.

Энэ удаагийн сонгуулиар Төрийн Думын 450 суудлыг шинээр бүрдүүлнэ. Нийт суудлын тал буюу 225-ыг намын жагсаалтаар, үлдсэн 225 суудлыг нэг мандаттай тойргуудад нэр дэвшиж буй улстөрчдөөс сонгох юм. Сонгуулийн эрх бүхий 111 сая орчим иргэн санал өгөх бөгөөд цахимаар санал өгөх боломжийг мөн бүрдүүлжээ.

Санал хураалтыг гурван өдөр явуулахаар шийдсэн нь иргэдийн сонгуульд оролцох боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын өргөн уудам нутаг дэвсгэрт сонгуулийг зохион байгуулахтай холбоотой юм. ОХУ 11 цагийн бүсийг дамнан оршдог бөгөөд Төрийн Думын сонгуультай зэрэгцэн орон нутгийн хэд хэдэн сонгууль мөн явагдаж байна.

Сонгуулийн дүнгээр эрх баригч “Нэгдсэн Орос” нам Төрийн Дум дахь олонх байр сууриа хадгалж чадах эсэх нь тодорхой болно. Тус нам 2021 оны сонгуулиар Төрийн Думын гуравны хоёроос илүү суудлыг авч байсан бөгөөд энэ удаа ч олонх байр сууриа хадгалах төлөвтэй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Харин Украины дайныг эсэргүүцсэн байр суурьтай улс төрийн хүчнүүдийн сонгуульд оролцох боломж хязгаарлагдсан байна. Тухайлбал, “Яблоко” намыг намын жагсаалтаар Төрийн Думын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг ОХУ-ын Дээд шүүх өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Тус намын зарим нэр дэвшигч нэг мандаттай тойргуудад өрсөлдөж байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужийн ОХУ-ын хяналтад байгаа хэсгийн оршин суугчдыг мөн хамруулж байна. Мөн ОХУ 2014 онд өөртөө нэгтгэсэн Крымд санал хураалт явуулж байгаа юм. Харин Украин эдгээр нутаг дэвсгэрт Оросын сонгууль зохион байгуулж буйг хууль бус гэж үзэж, олон улсын байгууллага болон улс орнуудыг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн өмнө иргэдийг саналаа өгөхийг уриалж, сонгуулийн оролцоог улс орны эв нэгдэл болон Украины дайны нөхцөлтэй холбон тайлбарласан байна. Харин Reuters агентлагийн мэдээлснээр Кремль энэ удаагийн сонгуулийн үр дүнг дайны талаарх олон нийтийн байр суурийг тандах нэг үзүүлэлт болгон ашиглах сонирхолтой байгаа аж.

Санал хураалт есдүгээр сарын 20-нд дуусаж, урьдчилсан дүн ням гарагийн оройноос гарч эхэлнэ. Reuters агентлагийн мэдээлснээр даваа гараг гэхэд сонгуулийн дүнгийн дийлэнх хэсэг тодорхой болох аж.

Эх сурвалж: Reuters