АНУ-ЫН КОНГРЕСС ОХУ, ИРАНЫ ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
АНУ-ын Конгресс ОХУ-ын эсрэг эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх, Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай хуулийг баталлаа. Төлөөлөгчдийн танхим есдүгээр сарын 16-нд уг хуулийн төслийг 262-159 саналаар баталснаар Конгрессын хоёр танхимын хэлэлцүүлэг, санал хураалт дуусаж, хуулийг Ерөнхийлөгч Дональд Трампад гарын үсэг зуруулахаар хүргүүлээд байна.
“Линдси О. Грэмийн ОХУ болон Ираны эсрэг хориг арга хэмжээний тухай хууль” нэртэй уг хуулийн төслийг Сенат наймдугаар сард 86-11 саналаар баталсан юм. Хуульд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсны дараа түүнд тусгасан шинэ хориг болон тарифын арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Уг хууль нь ОХУ-ын эрчим хүч, батлан хамгаалах салбар, төрийн өндөр албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, банк, санхүүгийн байгууллагуудад чиглэсэн хоригийг чангатгахаар тусгажээ. Мөн одоо мөрдөж буй хоригийг зөрчин ОХУ-ын газрын тос тээвэрлэхэд ашиглагддаг “сүүдрийн флот”-ын хөлөг онгоцнуудад чиглэсэн арга хэмжээг нэмэгдүүлэхээр заасан байна.
Хуулийн бас нэг гол заалт нь ОХУ-ын эрчим хүчийг худалдан авч буй улс орнуудад нэмэлт тариф ногдуулах эрхийг Ерөнхийлөгчид олгож байгаа явдал юм. Тухайлбал, ОХУ-ын газрын тос, байгалийн хийг хамгийн их хэмжээгээр импортолдог тав хүртэлх улсад 100 хүртэлх хувийн тариф ногдуулах боломжтой байхаар тусгажээ. Мөн ОХУ-ын эрчим хүчний салбарт тавьсан хоригийг зөрчихөд нь тусалж буй улс орнуудад ижил төстэй арга хэмжээ авах боломжийг хуульд тусгасан байна.
Ингэснээр АНУ ОХУ-аас газрын тос, байгалийн хий худалдан авч буй гуравдагч орнуудад худалдааны арга хэмжээ авах боломжтой болох юм. Гэхдээ эдгээр тарифыг ямар улс оронд, ямар хэмжээгээр ногдуулах нь Ерөнхийлөгчийн шийдвэрээс хамаарна. Хуулийн төсөлд мөн Ираны эрчим хүч, зэвсгийн салбартай холбоотой зарим хориг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зохицуулалт багтжээ.
Хуулийг дэмжигчид ОХУ-ын эрчим хүчний орлогыг бууруулж, Украин дахь дайныг санхүүжүүлэх боломжид нь дарамт үзүүлэх зорилготой гэж тайлбарлаж байна. Харин зарим хууль тогтоогч Ерөнхийлөгчид өндөр хэмжээний тариф тогтоох эрх олгож байгаа нь АНУ-ын худалдааны түнш орнуудтай харилцах харилцаа болон дотоодын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ.
ОХУ-ын тал ч уг хуулийг шүүмжилж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков есдүгээр сарын 17-нд мэдэгдэл хийхдээ, Трамп гарын үсэг зурж, шинэ хориг арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлбэл Украинтай энхийн хэлэлцээ хийх үйл явцыг улам хүндрүүлж болзошгүй гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын шинэ хоригийг “найрсаг бус алхам” хэмээн тодорхойлсон байна.
Ийнхүү Конгрессын хоёр танхим баталсан уг хууль одоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хүлээж байна. Трамп гарын үсэг зурж, хууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд ОХУ, Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээс гадна ОХУ-ын эрчим хүчийг худалдан авч буй зарим улс оронд нэмэлт тариф ногдуулах эрх зүйн үндэс бүрдэх юм.
Эх сурвалж: Reuters
