Д.Трамп Грийнландын "хаалгыг нээв".

2026-09-19
Д.Трамп Грийнландын "хаалгыг нээв".

АНУ, Дани болон Грийнланд тал Грийнландын аюулгүй байдал, цэргийн ажиллагаатай холбоотой түүхэн тохиролцоонд хүрсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв. Хоёр ч бүрэн эрхийн хугацаандаа Грийнландыг худалдаж авах санаагаа ил гаргасан Д.Трампын мэдэгдсэнээр, "АНУ Грийнландад байнгын цэргийн бааз ашиглах, агаарын орон зайгаар нислэг үйлдэх эрхтэй болсноос гадна шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэмэлт цэргийн байгууламж байгуулах тохиролцоонд хүрсэн" гэв. Хэрэв нэмж цэргийн бааз байгуулахаар бол Дани болон Грийнландын төлөөлөгчидтэй зөвлөлдөх боловч заавал тусгай зөвшөөрөл шаардагдахгүй байж болох аж.

Мөн Грийнландад АНУ-ын стратегийн өрсөлдөгчдийн цэрэг тухайлбал, Хятад, Орос болон НАТО-гийн гишүүн бус бусад улсууд цэргийн бааз байгуулах, цэрэг байрлуулах боломжгүй. Үүнээс гадна үндэсний аюулгүй байдалд хамааралтай дэд бүтэц, холбоо, далайн доорх кабель, боомт, ашигт малтмал зэрэг салбарт хийх тодорхой хөрөнгө оруулалт хийхийг хязгаарлав.

Энэ тохиролцооны тухай Цагаан ордны мэдэгдэлд, "АНУ Грийнландыг өөрийн нэг хэсэг болгож байгаа үйл явц бус Грийнланд цаашид ч Данийн Вант Улсын бүрэлдэхүүнд багтдаг өөртөө засах нутаг дэвсгэр хэвээр үлдэнэ" гэжээ. Тэгвэл Д.Трамп шинэ тохиролцоогоо “Infinite Life” буюу хугацаагүй үргэлжлэх гэрээ хэмээн нэрлэж, АНУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхлыг Арктикт урт хугацаанд баталгаажуулсан гэж мэдэгдсэн байна. Харин Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен уг тохиролцоог Арктик болон Хойд Атлантын бүсийн хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэх алхам хэмээн тодорхойлов. 

АНУ Грийнландад "Pituffik Space Base" буюу өмнө нь "Thule Air Base" гэж нэрлэгддэг байсан цэргийн байгууламжийг ажиллуулж байна. Д.Трампын мэдэгдсэн энэхүү тохиролцоо  нь түүний бодлого ашмг сонирхолд дахин нэг алхам ойртлоо. Учир нь Д.Трамп өмнө нь Грийнландыг худалдан авах сонирхлоо олон удаа илэрхийлж, арлын стратегийн байршил, Арктик дахь Орос, Хятадын өсөн нэмэгдэж буй оролцоог АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байсан. Харин шинэ тохиролцоогоор Грийнландын бүрэн эрхийг АНУ-д шилжүүлэхгүйгээр Америкийн цэргийн болон стратегийн оролцоог ийнхүүү өргөжүүлэхээр болж буй нь илт аж.

Дани, Грийнланд болон АНУ-ын төлөөлөгчид уг тохиролцоог ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр албан ёсоор гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд Дани болон Грийнландын парламентын холбогдох процедур мөн шаардлагатай болно.

Ийнхүү Грийнландын асуудал АНУ, Дани болон Грийнландын хоорондох нутаг дэвсгэрийн маргаанаас илүүтэйгээр Арктикийн аюулгүй байдал, НАТО-ийн хамгаалалт, Орос болон Хятадын бүс нутаг дахь оролцоо, стратегийн дэд бүтэц болон ашигт малтмалын нөөцийн өрсөлдөөнтэй улам нягт холбогдоод байна. Газрын ховор элемент болон бусад ашигт малтмалаар баян Грийнландын баялгийг эзэмших их гүрнүүдийн өрсөлдөөнд ийнхүү Д.Трамп нэг алхам илүүрхэв. Дани ч АНУ-ын цэргийг Грийнландад "үүрд" байлгах хугацаагүй гэрээ байгуулах тохиролцоог зөвшөөрсөн нь Грийнландын хаалгыг зөөлөн нээж өглөө.

Цаашид Грийнландын хязгааргүй цас мөсөн доорх "эрдэнэст" АНУ хяналтаа тавих уу?...