Х.НЯМБААТАРЫН ШИЛЖҮҮЛСЭН 500 ТЭРБУМЫГ ОЛЧИХЛОО
Оргилмаа
-“Хаоюань женерал констракшн” охин компанийн нэр дээрх Тээвэр хөгжлийн банкны дансанд 335 тэрбум төгрөг хязгаарлагдаж, бусад зарцуулалт ч баримтаар нотлогджээ-
Хотын дарга асан Х.Нямбаатар бараг өдөр бүр шахам “Канадаас ярьж байна” хэмээн “мэндчилдэг” боллоо. Юун нөгөө “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөн ирэх”. Яаж ийгээд завчлаад live хийж Ерөнхий сайдыг ч “бацаан” гэж, УИХ-ын гишүүнийг ч үсгээр хочлон хэрүүл хийх нь тун чиг төвөгтэй.
Уг нь Х.Нямбаатарыг “Хотын даргын ажлаа хэр хийсэн бэ, юуг өөрчилж чадсан бэ” гэдгийг иргэдээс асуувал ТҮЦ-ийг зайлуулж, буйрыг нь эрүүлжүүлсэн, “зайчилж зүрхлээгүй” олон жилийн нүүр үзсэн газруудыг нийслэлийн мэдэлд авсан, хэзээ ч “алга болохгүй” мэт оршсон “Зуун айлын” гэр хорооллыг орон сууцны хотхон хороолол болгосон, Улаанчулуут, Цагаан давааны хогон уулуудын оронд цэцэрлэг сургууль барьсан гэхчлэн дуусашгүй тоочиж чадна.
Харин одоо түүнийг Туулын хурдны зам гэгч төслийн нэрээр 500 тэрбум төгрөгийг Хятадын “сураггүй”, “цаасан дээрх” компани руу шилжүүлсэн гэх хэрэг тулгаад буй. Энэ бол яавч зүгээр орхиж болохгүй том хэрэг мөн. Тэгээд ч, Засгийн газрын тэргүүнийг ч, эрхэм гишүүн Ч.Лодойсамбууг “дээрэлхээд” байгаа юм шиг амныхаа зоргоор “лайвдахыг” нь хараад ер нь түүний яриад байгаачлан 500 тэрбум төгрөгийг хааш нь, яаж зувчуулсан, буцаж олдох “үртэс” ч гэсэн байна уу, хэрхэн яаж төлүүлэх вэ гэсэн “атгаг” санаа өвөрлөн хайж үзлээ.
Асуудал хаанаас эхэлсэн бэ гэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь 2025 оны 09 сарын 12-ны өдрийн А/1269 дугаартай захирамжийг дахин гаргаж 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх нээх маягтад гарын үсэг зурах эрхийг Т.Даваадалайд олгосон байдаг. Ингээд урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг “China Hyway Group Limited” гэдэг айлын дансанд шилжүүлчихсэн гэдэг юм.
“China Hyway Group Limited” чинь манай 500 тэрбум төгрөгт шунахааргүй “аварга” компани юм биш үү?
Мэдээж эхлээд 500 тэрбум төгрөгийг маань авсан компанийг судалж үзлээ. Та бүхэн ч бас https://hyway-china.com/en хаягаар ороод үзээрэй.
Жижиг компани гэх хэлэхэд арай л “булиа” юм биш үү? Юу вэ, жилийн дундаж үйлдвэрлэлийн хүчин чадал нь 2 тэрбум гаруй ам.доллар, 15 улс оронд төсөл хэрэгжүүлсэн, гадаадын улс орнуудад барилга, байгууламж барьсан 20 гаруй жилийн туршлагатай гэнэ. Энэ мэдээлэл нь тус компанийн сайтад 2026 оны 9 сард гаргасан байдлаар олдсоныг орчуулан хүргэж байна.
2008 онд Хонконгт бүртгэгдсэн, инженерийн гэрээт ажил, худалдаа логистик, эрчим хүч, эрдэс баялаг, хөдөө аж ахуй гэсэн чиглэлүүдийг хамарсан олон улсын групп гэнэ. Африк, Европ, Ази тивийн нийт арав гаруй улсад салбартай. Өөрийн барьсан 1 сая гаруй м.кв логистикийн талбай, алт, зэс, төмөр зэрэг металлын уурхайн эрхтэй, Ангол улсад 10 мянга гаруй га талбайг эзэлсэн хөдөө аж ахуйн бүс эзэмшдэг юм байна. За энэ ч яахав, зам гүүрийн барилга байгууламжийн хувьд олон улсын инженерийн салбарт тэргүүлэх түвшний төлөвлөлт-зохион байгуулалт, барилга угсралт, төслийн менежментийн чадавхитай. Дотоод гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаатай. Өөрийн эзэмшлийн 2000 гаруй нэгж барилгын тоног төхөөрөмжтэй, жилийн дундаж үйлдвэрийн хүчин чадал нь 2 тэрбум ам.доллароос давдаг гэж мэдээлжээ. Тэгэхээр “жижиг” гэж арай болохгүй байна. Хаяг болон холбоо барих мэдээлэл, хувьцааны үзүүлэлт, компаний захирлууд, нарийн бичгийн нь нэр хаяг, хэн, хэн хэдэн ширхэг хувьцаа эзэмшдгийг нь хүртэл нийтэлжээ. Мөн дээрх компанитай хамт түншлэлээр орсон “Tianjin Oubaiwei” гэдэг корпорацийнх нь үүх түүх, хууль ёсны төлөөлөгч, бүртгэлтэй хөрөнгийн хэмжээ, даатгалтай ажилтны тоо хэмжээ гээд бүх мэдээллийг нээлттэй зарлажээ.
“Сураггүй” гэх гэхээр Тяньжины эдийн засгийн чөлөөт бүс гээд бүх хаягуудыг нь ил тавьчихсан байх юм. За лав мөнгөө алдахгүй нь. Төлөх чадвартай юм байна.
Яг одоо 500 тэрбум төгрөг маань хаана байна вэ?
Х.Нямбаатарын хэлээд байгаачлан Прокурорын зөвшөөрлөөр зарлагын гүйлгээний хязгаарлалт тогтоосон 335 тэрбум төгрөг Монгол Улсын хуулийн дагуу байгуулсан, “Хаоюань женерал констракшн” нэртэй охин компанийн нэр дээрх Тээвэр хөгжлийн банкны дансанд байгаа юм байна. Үүнээс БНХАУ руу гадаад гүйлгээгээр шилжүүлсэн 136 тэрбум төгрөгийн баримт байна. Ерөөсөө л барилгын материал, машин, техник хэрэгсэл Хятадаас оруулж ирэхэд зарцуулагджээ. Үүнээс дэлгэрэнгүй тоочих боломжгүй юм. Мөн үлдэгдэл 44 тэрбум төгрөгийг түр кемп барих машин, техник хэрэгсэл худалдан авах, туслан гүйцэтгэгч компаниуд руу шилжүүлсэн гэрээний төлбөр зэрэгт зарцуулсан байна.
Ингээд нийтдээ 500 тэрбум маань 515 тэрбум төгрөг болчихоод байгаа биз? Яагаад бас илүү гарчихав гэсэн чинь хүүгийн орлого юм байна. За нэг ийм л зүйл болж. Уг нь хэрэлдэх зүйл байсангүй. Яагаад АТГ шалгаад байгаагийн тухайд Сангийн яамнаас зарим зөрчлийг илрүүлсэн нь мөнгө дутсан гэхээсээ бичиг баримт бүрдүүлэлтийн зөрчил бөгөөд харин Х.Нямбаатарын хэлээд байгаачлан төслийг гацаасан асуудлаар олон улсын арбитрын шүүх дээр маргаан үүсгэхээр зэхэж байсан нь үнэн. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва “Арбитрын шүүхэд шилжих аюулгүй болсон. Мөн Туулын хурдны зам гэх ойлголт байхгүй болсон” гэж мэдэгдсэн. Тэгэхээр Арбитрын эрсдэл, болзошгүй торгууль, нөхөн төлбөрийн тооцооллыг тун удахгүй тодорхой мэдээлэх биз ээ.
2026.09.18.
