20 ГАРУЙ УЛС ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ХҮНИЙ ХЯНАЛТАД БАЙЛГАХЫГ УРИАЛЛАА
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний уулзалтууд эхэлж буй энэ үед 20 гаруй улс болон Европын холбоо хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлийг олон улсын хэмжээнд илүү нягт зохицуулах, цаашид уг технологийг хүний хяналт, удирдлагаас гаргахгүй байхыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд хиймэл оюун ухааны дэвшил нь шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн боломж авчрахын зэрэгцээ зохистой хяналтгүй нөхцөлд аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүйг онцолсон байна.
Уг санаачилгыг Финландын Ерөнхийлөгч Александр Стуббын албанаас есдүгээр сарын 21-нд танилцуулсан бөгөөд Герман, Канад, Австрали, Норвеги, Испани, Дани, Ирланд, Нидерланд, Сингапур, Өмнөд Африк, Казахстан, Кени, Турк, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсын удирдагчид нэгдсэн байна. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мөн уг мэдэгдлийг дэмжжээ.
Улс орнуудын анхааруулж буй гол асуудал нь хиймэл оюун ухааны хамгийн дэвшилтэт загваруудыг хөгжүүлэх хурд хяналт, аюулгүй байдлын тогтолцоог бий болгох боломжийг давж болзошгүй явдал юм. Хамтарсан мэдэгдэлд сүүлийн үед зарим хиймэл оюун ухааны систем туршилтын үеийн хамгаалалтын арга хэмжээг тойрон гарах, программ хангамжийн эмзэг байдлыг ашиглах, бодит системүүдэд зөвшөөрөлгүй нэвтрэх зэрэг тохиолдол гарсныг дурдсан байна.
Иймээс хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниуд бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхээс өмнө заавал аюулгүй байдлын туршилт хийх, хараат бус байгууллагаар эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эдгээр үнэлгээний үйл явцыг илүү ил тод болгох шаардлагатай гэж улс орнууд үзжээ. Мөн хиймэл оюун ухаантай холбоотой ноцтой аюулгүй байдлын зөрчил, ослын талаарх мэдээллийг улс орнууд харилцан солилцох тогтолцоог бий болгохыг уриалсан байна.
Түүнчлэн улс орнууд хиймэл оюун ухааны хөгжлийг зохицуулах нийтлэг стандарт боловсруулах асуудлыг хөнджээ. Өөрөөр хэлбэл, улс бүр тус тусдаа дүрэм журам тогтоохоос илүүтэйгээр олон улсын хэмжээнд мөрдөх аюулгүй байдлын нийтлэг зарчим, шалгуурыг бий болгож, улс орнуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
Хамгийн анхаарал татсан саналын нэг нь НҮБ-ын гишүүн орнууд хиймэл оюун ухааны хөгжлийг хянах олон улсын шинэ байгууллага байгуулах боломжийг судлах явдал юм. Тус байгууллага нь хиймэл оюун ухааны аюулгүй байдлын стандарт боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг шалгах, технологийн чадавх тодорхой босго хэмжээнээс давсан тохиолдолд улс орнуудыг нэг дор цуглуулж, шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэх чиг үүрэгтэй байж болохыг мэдэгдэлд дурджээ.
Гэхдээ энэхүү мэдэгдэлд хиймэл оюун ухааны хөгжлийг бүхэлд нь хязгаарлахыг уриалаагүй байна. Харин технологийн үр өгөөжийг хадгалахын зэрэгцээ эрсдэлийг бууруулах, улс орнуудын аюулгүй байдлыг хамгаалах, хиймэл оюун ухааны хөгжлийн үр шимийг зөвхөн цөөн улс, байгууллага хүртдэг нөхцөл үүсгэхгүй байхыг зорьжээ.
Уг мэдэгдэлд АНУ болон БНХАУ гарын үсэг зураагүй байна. Хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг хөгжүүлж буй дэлхийн хоёр том гүрэн болох тус улсууд энэ салбарын бодлого, зохицуулалтын асуудлаар өөр өөрийн байр суурийг баримталж байгаа юм. Мөн Энэтхэг, Япон, БНСУ, Их Британи, Франц зэрэг хиймэл оюун ухааны салбарт идэвхтэй хөгжүүлэлт хийж буй орнууд уг санаачилгад нэгдээгүй байна.
Гэсэн хэдий ч уг санаачилгад бусад улс орон нэгдэх боломжийг нээлттэй үлдээсэн бөгөөд цаашид оролцогчдын хүрээ өргөжих боломжтой юм.
