САЛБАРЫН САЙД АЛДАЖ БОЛНО, ЕРӨНХИЙ САЙД АЛДАЖ БОЛОХГҮЙ! ГҮТГЭГДСЭН АЛБАН ТУШААЛТНЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХАМГААЛНА

2026-09-23
САЛБАРЫН САЙД АЛДАЖ БОЛНО, ЕРӨНХИЙ САЙД АЛДАЖ БОЛОХГҮЙ! ГҮТГЭГДСЭН АЛБАН ТУШААЛТНЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХАМГААЛНА

Оргилмаа

Шоронгууд "эзэнгүй" байна! Улстөрчдийн зодооны "цус" хуулийн салбарт наалдсаар байх уу!

ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас дөнгөж сая, Засгийн газрын тэргүүний шийдвэрээр чөлөөлөгдөөд буй УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь өнгөрсөн өдрүүдэд ШШГЕГ-ын даргын нэр бүхий албан тушаалтан, алба хаагчдыг тодорхой баримт нотолгоогүйгээр гүтгэсэн. Ерөнхий сайд шийдвэрлэхдээ ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг салбарын сайдтай хамтад нь ажлаас чөлөөлжээ. Ингэхдээ нэр заагаагүй бөгөөд тус яамны харьяа байгууллагуудын дээд, дунд шатны зарим удирдлагыг хэмээн мэдэгдсэн. Одоогоор ШШГЕГ-т Ерөнхий сайдын мэдэгдэл хараахан баталгаажиж хүргэгдээгүй байна. Нэмж тодотгоход, С.Амарсайхан сайд асанд гүтгэгдсэн албан тушаалтан, алба хаагчдын дунд ШШГЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо гэдэг хүн бий.

Түүнийг “албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Тэр дундаа "Олон Овоот"-ын орд, дээрэмдэх, хууль бусаар авах, цаашилбал 123 тэрбумын асуудалд холбогдсон” хэмээн олон нийтэд зарласан нь анхаарал татлаа.

Учир нь хурандаа Б.Нямгомбо нь ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ дуудлага худалдаа явуулахгүйгээр, тэр тусмаа уг асуудал шүүхийн шатанд яваа нөхцөлд “Минерал эксплорэйшн файндинг” ХХК-д “Олон овоот гоулд”, “Зөв зүг” компаниудын нэр дээр бүртгэлтэй 8 ширхэг лицензийг шилжүүлсэн, ингэхдээ төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, хөрөнгө хураах, үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, үүний дараа төлбөр авагчид санал болгох ажлууд огт хийгдээгүй” хууль зөрчсөн болохыг илрүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зөв явуулахаар шийдвэрлэсэн 03 тоот тогтоол гаргасан юм.

Түүний энэ үйлдэл яагаад зөв ба гэхээр “Олон овоот гоулд” компани буюу түүнийг эзэмшигчдээс авлагатай олон компани, иргэн бий. Тодруулбал “Самсунг Си энд Ти” компанийн 42.7 тэрбум төгрөг болон нэр бүхий таван компани, иргэдийн төлбөр, Нийгмийн даатгалтай холбоотой 700 гаруй сая төгрөг, нийт 180 гаруй тэрбум төгрөгийн асуудал байсан.

Гэтэл зөвхөн “Минерал эксплорэйшн фандинг” компанийн өрийг барагдуулахын тулд хууль зөрчсөн. Зөрчихдөө: төлбөр төлөгчийн талаас буюу иргэн Г.Алтанг нас барсан хугацаанд эрх залгамжлагч тогтоогдоогүй, эрх бүхий этгээд томилогдоогүй байхад эзгүйчлэх байдлаар хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлэх ажиллагаа явуулсан байдаг. Уг тусгай зөвшөөрлүүдий гхуульд заасны дагуу хураан авалгүйгээр, үнэлгээ тогтоохгүйгээр, дуудлага худалдаа явуулахгүйгээр, холбогдох хуулиудыг зөрчин, шууд “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэрлэн заасан хуулийн этгээдэд шилжүүлсэн. Мөн энэ ажиллагааг хүчингүй болгуулахаар “Олон овоот гоулд” ХХК, “Зөв зүг” ХХК-аас шүүхэд гомдол гаргасан иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад лиценз шилжүүлэх ажиллагааг хийсэн нь хууль зөрчсөн үйлдлүүд болсон байсан. Ингээд лиценз шилжүүлж авах гэтэл өр төлбөртэй тул лиценз шилжихгүй байхаар нь “Олон овоот гоулд”-ын эрх залгамжлагч Ж.Одмандах, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анастасия нарыг огт мэдээгүй байхад 296 сая төгрөгийн өрийг нь төлчихсөн байгаа юм. Үүнд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар “Олон овоот гоулд” ХХК-ийн татварын тайланд холбогдох өөрчлөлтийг дур зоргоороо хийж, өмнөөс нь нэхэмжлэл үүсгэж, 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 296 сая төгрөг төлсөн гэх баримтыг татварын программд үүсгэсэн. Үүнийгээ үндэслэн тус газар нь өөрсдийнхөө тавьсан “Олон овоот гоулд” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын долоон тусгай зөвшөөрлийн хязгаарлалтыг цуцалсан. Ингэхдээ АМГТГ-т 2024 оны нэгдүгээр сард эрх шилжүүлсний татвар төлөгдсөн тул тавьсан хязгаарлалтуудаа цуцалсан тухай албан бичгээр мэдэгдсэн нь маш ноцтой хэргүүд буй.

Гол асуудалдаа оръё. Ингээд “Олон овоот гоулд”-ын 8 лицензийг өрөндөө авахын тулд улайрсан “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас шат шатны шүүхэд хандаж явсаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний шүүх хуралдаанаар хамгийн сүүлд буюу энэ оны 5 дугаар сарын 26-ны өдөр 001/ХТ2026/00141 тоот тогтоол гарснаар ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбын 03 тоот шийдвэр зөв байсан нь тогтоогдсон.att.ZTEEMbFmO3CJ4ly89O-EgIVvy90TfGrv6pWeYykCpFY

Өөрөөр хэлбэл, “Олон овоот гоулд”, “Зөв зүг” компанийн 8 лицензийг хуульд заасны дагуу өр барагдуулахдаа Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “…барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 175 дугаар зүйлд “барьцааны зүйлийг албадан худалдах”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлнэ” гэсэн заалтуудыг хуулийн дагуу хэрэгжүүлэхээр болсон. Мөн төлбөр төлөгчид холбогдох шүүхийн шийдвэрүүдэд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тусгай зөвшөөрлүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгасаны дагуу хэрэгжүүлэх нь зөв гэж Дээд шүүхийн тогтоолоор шийджээ. Тэгэхээр 2023 оны 2/3829 болон 2024 оны 2/3406 дугаар албан бичгүүдээр “Минерал эксплорэйшн файндинг” ХХД-д шилжүүлсэн ажиллагаа нь дээрх хуулиудад заасан төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, хөрөнгө хураах, үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, төлбөр авагчид санал болгох, шилжүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн гэдэг нь үүгээр тодорхой болов.

Мөн энэ явцад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Алтангэрэл ШШГЕГ-ын дарга, хурандаа А.Намсамандад хандан 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот мэдэгдлээрээ эрүүгийн 2501000200525 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулаад АМГТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ш.Ганхуяг нь дээрх хоёр компанийн 8 лицензийг буцаан шилжүүлж хууль бус шийдвэр гаргасныхаа хариуд 2.7 тэрбум төгрөгийн хахууль авсан болохыг тогтоосноо дурдан Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай албан бичгээр хүргүүлсэн байдаг.att.1ibekeDhK7ZYmP9lGZVZ9dwj_GEmeK-2FsakVfgMqCw

Ийм нарийн зохион байгуулалттай, алтны 8 лиценз дээрэмдэн шийдвэр гүйцэтгүүлсэн гэм хорыг арилгаж, шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу хэрэгжүүлэхийн тулд Дээд шүүхийн тогтоолд хүртэл гаргасан шийдвэртээ үнэнч байж чадсан хурандаа Б.Нямгомбо харин ч ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр эргэн томилогдох ёстой. Гэтэл ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нь дэндүү хуумгай, хуучин, худал мэдээлэл дунд төөрөлдөж, эсвэл санаатайгаар гүтгэж "Олон Овоот"-ын орд, дээрэмдэх, хууль бусаар авах, цаашилбал 123 тэрбумын асуудалд холбогдсон” хэмээн олон нийтэд зарласан нь туйлын харамсалтай алдаа завхрал мөн. Үүнийг Ерөнхий сайд Н.Учрал анхааралдаа авч, гүтгэгдсэн албан тушаалтан, алба хаагчийн асуудлыг Улсын Дээд шүүх хэрхэн үзсэнийг тунгаан, шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэж байна. Салбарын сайд алдаж болно. Ерөнхий сайд алдаж болохгүй.