ШИ ЖИНЬПИН АНУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2026-09-23
ШИ ЖИНЬПИН АНУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар есдүгээр сарын 23-25-нд АНУ-д төрийн айлчлал хийж байна.

Тэрбээр Вашингтонд байх хугацаандаа Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хоёр орны харилцаа болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцоно. Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр талууд энх тайван, хөгжилтэй холбоотой томоохон асуудлуудыг хэлэлцэх аж.

Энэхүү айлчлал нь Ши Жиньпиний 2015 оноос хойших АНУ-д хийж буй анхны төрийн айлчлал болж байна. Тэрбээр 2023 онд Сан-Франциско хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм. Харин энэ удаад хоёр улсын төрийн тэргүүнүүд албан ёсны төрийн айлчлалын хүрээнд уулзаж байна.

Хоёр талын хэлэлцэх асуудлын дунд худалдаа, технологи, хиймэл оюун ухаан, стратегийн түүхий эдийн нийлүүлэлт зэрэг асуудал багтах төлөвтэй байна. АНУ, БНХАУ-ын эдийн засаг, технологийн өрсөлдөөн сүүлийн жилүүдэд эрчимжсэнтэй холбоотойгоор дээрх сэдвүүд олон улсын зах зээлд ч анхаарал татаж байна.

Мөн Тайванийн асуудал хоёр орны харилцаанд эмзэг сэдэв хэвээр байна. Үүнээс гадна Ойрх Дорнодын нөхцөл байдал болон бусад олон улсын асуудлыг дээд түвшний уулзалтын үеэр хөндөж болзошгүй талаар мэдээлжээ.

Хятадын тал хоёр улсын хоорондын ялгаатай байр суурийг зохицуулахын зэрэгцээ яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Харин Вашингтон, Бээжингийн хооронд худалдаа, технологи болон аюулгүй байдлын чиглэлээр санал зөрөлдөөн байсаар байгаа юм.

Ши Жиньпиний айлчлал есдүгээр сарын 25-нд өндөрлөнө. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үр дүн нь цаашдын худалдаа, эдийн засгийн харилцаа болон дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөөллөөрөө олон улсын анхаарлын төвд байна.