Иранчууд АНУ-д “Толгой бөхийхгүй, өвдөг сөхрөхгүй, бууж өгөхгүй”
Дэлхийн геополитикийн анхаарлын төвд буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы үргэлжилж байна. Чуулганы хамгийн анхаарал татсан сэдэв мэдээж АНУ-Израил, Ираны дайн цаашид хэрхэх вэ гэх асуудал. Хэдийгээр НҮБ-ын Ерөнхий Ассемблей улс хооронд үүсээд буй хурцадмал асуудлыг шийдвэрлэхгүй ч тэр индрээс үг хэлнэ гэдэг дэлхий нийтийн сонорт гэрлийн хурдаар хүрнэ гэсэн үг. Тиймээс Ерөнхий Ассемблейн 81-р хуралд Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан ямар үг хэлэх нь сонирхолтой тул ээлжийг нь хүлээлээ. Ээлж ирж Масуд Пезешкианыг танхимд үгээ эхлүүлэх үед АНУ-ын төлөөлөгчид НҮБ-ын танхимаас гарсан нь бүүр их анхаарал татав.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан чуулганы нэгдсэн хуралдаанд "Иранчууд бид АНУ-аас ирэх цэргийн болон эдийн засгийн дарамтад өвдөг сөгдөн бууж өгөхгүй" гэдгийг хамгийн тодоор онцолсон юм. Мэдээж энэ бол Иранчууд их гүрний ямарч дарамтыг тэсвэрлэнэ гэсэн үг. Долоон сар шахам хугацаанд тэсвэрлэж буй шүү дээ.
Харин эрс шулаан энэ үгнийхээ хажуугаар энхийн хэлэлцээг эхлүүлж, дипломат аргаар зөвшилцөлд хүрэх хаалгаа нээлттэй байлгахаа хэлсэн юм.
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампд барьсан хариу байв. Өмнөх нь Дональд Трамп НҮБ-ын индрээс “Иран буулт хийхгүй бол Исламын Бүгд Найрамдах Улсыг устгах болно” хэмээн сүрдүүлсэн шүү дээ. Бүх дэлхий сонссон.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган энэ жил Орос Украины дайн эхэлсэн жил шиг "донсолгоотой" уур амьсгалтай байна. Учир нь АНУ болон Ираны хооронд үргэлжилж буй мөргөлдөөн, Ираны цөмийн хөтөлбөр, Персийн булан болон Хормузын хоолойн аюулгүй байдал зэрэг олон асуудлын эв зүйг олон хүндхэн даалгавар НҮБ-ын өснө бий.
Ялангуяа Ормузын хоолойн асуудал мөд шидэгдэхгүй шинжтэй нь Масуд Пезешкианы үгнээс тодорхой ойлгогдов. Тэрээр Иран Ормузын хоолой дахь өөрийн эрх ашгийг хязгаарлах аливаа оролдлогыг эсэргүүцнэ гэдгээ итгэлтэйгээр онцолсон юм.
Тэгэхээр асуудал зөвхөн АНУ-Ираных ч биш, дэлхийн эрчим хүчний зах зээл, олон улсын худалдаа, Ойрх Дорнодын бүс нутгийг тэр чигт нь хамарсан аюулгүй байдлын асуудал болчихоод байгаа юм. Сайн яривал таны, миний ч халаасыг тэмтрэх үйл явц билээ.
Ингээд Масуд Пезешкианы НҮБ-ын 193 гишүүн улсад хандаж хэлсэн хамгийн онцлох ишлэлүүдийн хүргэе.
Д.Трамп болон биднийг дээрэлхэхийг хүсэж буй хүмүүст хэлэхэд "Бид яриа хэлэлцээ, дипломат ажиллагаанд бэлэн. Гэхдээ хүчээр тулгах хэлээр ярихыг хүлээн зөвшөөрөхгүй.”
"Хориг, дарамт, дээрэлхэлт нэмэгдэх тусам Ираны ард түмний эсэргүүцэл улам нэмэгдэнэ.”
"Бид хэзээ ч толгой бөхийлгөхгүй, өвдөг сөхрөхгүй, бууж өгөхгүй".
"Тэд бидэнд цохилт өгсөн. Гэхдээ бид өвдөг сөхрөөгүй, толгой бөхийлгөөгүй.”
"АНУ-ын ерөнхийлөгч биднийг террористууд гэж нэрлэсэн. Харин бид терроризмын хохирогчид.”
"Бид зөвхөн өөрсдийгөө хамгаалсан. Бид террористууд биш.”
"Иран өөрийгөө хамгаалахын тулд хэнээс ч зөвшөөрөл авахгүй.”
"Тэд Ираны хүч чадал, тэсвэр хатуужлыг туршсан. Эцэст нь Ираны бууж өгөхгүйг тэд ойлгосон.”
