НОРВЕГИЙН ПАРЛАМЕНТ ЭПШТЕЙНТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЭХЛҮҮЛЭВ

2026-09-30
НОРВЕГИЙН ПАРЛАМЕНТ ЭПШТЕЙНТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЭХЛҮҮЛЭВ

Норвегийн парламент Жеффри Эпштейнтэй холбоотой баримт, мэдээлэлд нэр нь дурдагдсан улс төрчид, дипломат албан тушаалтнуудын харилцаа, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тодруулах зорилгоор нээлттэй сонсгол эхлүүлэв.

Стортингийн Хяналт, Үндсэн хуулийн асуудал эрхэлсэн хорооноос зохион байгуулж буй уг сонсгол хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Гадаад хэргийн болон хөгжлийн асуудал хариуцаж байсан одоогийн болон өмнөх 11 сайдаас мэдүүлэг авахаар төлөвлөжээ. Тэдний дунд Ерөнхий сайд Йонас Гар Стьоре багтаж байна. Тэрбээр 2005-2012 онд Норвегийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм.

Парламентын сонсголын үеэр тухайн үеийн төрийн байгууллагууд Эпштейнтэй холбоотой мэдээллийг хэр мэдэж байсан, холбогдох албан тушаалтнуудын харилцаанд ямар хяналт тавьж байсан, эдгээр харилцаа төрийн шийдвэр гаргалт болон төрийн хөрөнгийн зарцуулалтад нөлөөлсөн эсэхийг тодруулах юм байна.

Эпштейнтэй холбоотой олон тооны баримт бичиг нийтэд ил болсны дараа Норвегийн улс төр, дипломат хүрээний зарим хүний түүнтэй тогтоосон харилцаа дахин олны анхаарлын төвд орсон юм. Үүнтэй холбоотойгоор Норвегийн Гадаад хэргийн яамны санхүүжилт, дипломат албан тушаалтнуудын харилцаа холбоо, төрийн байгууллагын дотоод хяналт, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулж ирсэн байдал зэрэг асуудлыг парламент авч үзэж байна.

Тухайлбал, Норвегийн дипломатч асан Терже Рёд-Ларсен Эпштейнтэй ойр харилцаатай байсан талаар өмнө нь мэдээлэгдэж байсан бөгөөд түүний удирдаж байсан Нью-Йорк дахь Олон улсын энх тайвны хүрээлэнд Норвегийн талаас санхүүжилт олгосон асуудал мөн анхаарлын төвд байна. Иймээс уг санхүүжилтийг ямар үндэслэлээр олгосон, шийдвэр гаргах явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, холбогдох албан тушаалтнууд Эпштейнтэй холбоотой мэдээллийг мэдэж байсан эсэхийг тодруулах шаардлагатай болжээ.

Мөн Норвегийн Гадаад хэргийн сайд асан Бёрге Бренде Эпштейнтэй харилцаж байсан тухай мэдээлэл ил болсны дараа Дэлхийн эдийн засгийн чуулганы ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон юм. Тэрбээр Эпштейнтэй анх уулзах үедээ түүний өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсныг мэдээгүй бөгөөд тухайн хүний талаарх мэдээллийг илүү нарийвчлан шалгаагүйдээ харамсаж байгаагаа өмнө нь мэдэгдсэн байна.

Норвегийн парламент уг асуудлыг нээлттэй сонсголоор хязгаарлахгүй, хараат бус комисс байгуулан өргөн хүрээнд шалгаж эхэлжээ. Тус комисс Эпштейн болон түүний хүрээлэл Норвегийн улс төрчид, төрийн албан хаагчид, дипломат ажилтнуудтай ямар харилцаатай байсан, эдгээр харилцаа төрийн шийдвэр гаргалтад нөлөөлсөн эсэх, төрийн байгууллагууд үүсэж болзошгүй эрсдэлийг хэрхэн үнэлж, хянаж байсан зэргийг судлах юм.

Мөн төрийн санхүүжилтийн хяналт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохицуулалт, дипломат албан тушаалтнуудын ёс зүй болон төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах шаардлагатай эсэхийг авч үзэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна Норвегийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Эпштейнтэй холбоотой зарим хүмүүсийн талаарх мэдээллийг тусад нь шалгаж байна. Дипломатч асан Мона Жуул, Терже Рёд-Ларсен болон Ерөнхий сайд асан Турбьорн Ягланд нартай холбоотой асуудал уг шалгалтын хүрээнд яригдаж байгаа бөгөөд нэр дурдагдсан хүмүүс гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Парламентын сонсгол болон хууль сахиулах байгууллагын шалгалт нь тус тусын чиг үүргийн хүрээнд явагдаж байна. Парламент төрийн байгууллагын шийдвэр гаргалт, хяналтын тогтолцоо, албан тушаалтнуудын хариуцлагыг тодруулахад анхаарч байгаа бол хууль сахиулах байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан эсэхийг шалгаж байна.

Норвегийн парламентын байгуулсан хараат бус комисс 30 гаруй жилийн хугацааг хамарсан дипломат харилцаа болон төрийн байгууллагын үйл ажиллагааг судалж, тайлангаа 2028 оны эхээр танилцуулахаар төлөвлөжээ. Эпштейнтэй холбоотой асуудал Норвегид зөвхөн тодорхой хүмүүсийн харилцааны хүрээнээс хальж, төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлага, санхүүгийн хяналт болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог авч үзсэн өргөн хүрээний парламентын шалгалтын асуудал болж байна.