ТАЙВАНЬ АНУ-ААС ЗАХИАЛСАН F-16V СӨНӨӨГЧ ОНГОЦНЫ ЭХНИЙ ХОЁРЫГ ХҮЛЭЭН АВЛАА

2026-10-02
ТАЙВАНЬ АНУ-ААС ЗАХИАЛСАН F-16V СӨНӨӨГЧ ОНГОЦНЫ ЭХНИЙ ХОЁРЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Тайвань АНУ-аас захиалсан 66 ширхэг F-16V Block 70 сөнөөгч онгоцны эхний хоёрыг өнөөдөр хүлээн авлаа. Онгоцнууд Тайванийн зүүн хэсгийн Тайдун тойрогт орших Чихан нисэх баазад орон нутгийн цагаар үд дунд газардсан байна.

Тус улс уг онгоцнуудыг 2019 онд АНУ-аас худалдан авахаар тохиролцсон бөгөөд нийт 66 онгоцны гэрээний үнэ найман тэрбум ам.доллар орчим юм. Нийлүүлэлтийг 2023 оноос эхлүүлэхээр төлөвлөж байсан ч үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ болон программ хангамжийн асуудлаас шалтгаалан хугацаа хойшилжээ.

Эхний хоёр онгоц АНУ-ын Хавай болон Гуамын чиглэлээр нисэж Тайваньд хүрсэн байна. Батлан хамгаалахын сайд Вэллингтон Гу цаашид нэмэлт онгоцууд ирнэ гэж мэдэгдсэн ч нийлүүлэх хугацааг тодорхой хэлээгүй байна.

F-16V Block 70 нь орчин үеийн радар, авионик болон электрон байлдааны системээр тоноглогдсон бөгөөд өмнөх хувилбаруудаас илүү өргөн хүрээнд байг илрүүлэх, хянах боломжтой. Бүх 66 онгоцыг хүлээн авснаар Тайванийн эзэмшлийн F-16 сөнөөгч онгоцны тоо 200-гаас давах юм.

Тайвань өмнө нь эзэмшиж байсан 139 ширхэг F-16A/B онгоцоо шинэчилж, F-16V стандартад шилжүүлсэн байна. Харин энэ удаагийн хөтөлбөрөөр шинээр үйлдвэрлэсэн 66 ширхэг F-16V Block 70 онгоцыг АНУ-аас хүлээн авч байгаа бөгөөд үлдсэн онгоцнуудаа цаашид үе шаттайгаар хүлээн авахаар төлөвлөжээ.