Францад ахлах ангийн сурагчдын эсэргүүцлийн жагсаал улс даяар өргөжиж, 5,000 орчим хүн баривчлагдлаа.
Францад ахлах ангийн сурагчдын эсэргүүцлийн жагсаал улс даяар өргөжиж, 5,000 орчим хүн баривчлагдлаа.
Парис хотын Saint-Exupéry ахлах сургуулиас есдүгээр сарын 21-нд эхэлсэн уг жагсаал одоо орон даяар үргэлжилж байна.
Тус улсын Боловсролын сайд Эдуар Жеффрэгийн мэдээлснээр Францын 3,700 ахлах сургуулийн 735 сургууль эмх замбраагүй байдалд шилжиж үүнээс 400 сургууль танхимаар хичээллэх боломжгүй болсон тул цахим хэлбэрээр хичээллэж байна. Жагсаал хийж, үймээн самуунд шилжсэн сурагчдын гол шаардлага нь багш, сургуулийн ажилтны дутагдлыг арилгах, хэт олон сурагчтай ангиудын тоог бууруулах, хуучирч муудсан сургуулийн барилга, дэд бүтцийг шинэчлэх, хэт ачаалалтай хичээлийн хуваарийг өөрчлөх, сургалтын орчныг сайжруулах, дээд боловсролд элсэх "Parcoursup" системээс үүдэж буй стресс, тодорхойгүй байдлыг арилгах, боловсролын салбарт илүү их төсөв зарцуулах, багшийн дутагдлыг нөхөх байв.
Сурагчид нэг ангид 30–35 хүүхэд хичээллэдэг нь хэтэрхий олон, багшийн хүрэлцээ дутмаг, сургуулийн барилга хэт халдаг нь хичээллэхэд тухгүй байдаг тухай "Al Jazeera"-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэ сарын 2-ны байдлаар 170 орчим сурагч, 65 орчим багш, сургуулийн ажилтан гэмтэж бэртжээ. Эдгээр ажилтнуудын 40 орчим сургуулийн захирал байгаа аж.
Мөн сурагч, цагдаагийн алба хаагчдын хооронд мөргөлдөөн үүссэнээс 305 цагдаагийн алба хаагч шархадсан байна.
Тус улсын Ерөнхий сайд Себастьян Лекорню 10-р сарын 1-нд хямралын шуурхай хурал зарлаж, сайд нарын төлөвлөсөн зарим томилолтыг цуцлан үүсээд буй асуудалд анхаарал төвлөрүүлэхийг үүрэг болгосон байдаг. Засгийн газар тайван жагсаал хийх эрхийг хүлээн зөвшөөрч байгаа ч сургууль хаах, гал тавих, цагдаа болон бусад хүмүүст халдах зэрэг хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ авснаас эсэргүүцлийн жагсаал улам ширүүсжээ. Сурагчдын зөвлөл болон тэднийг дэмжсэн багш нарын үйлдвэрчний эвлэлүүд 10-р сарын 6-ны мягмар гарагт дахин томоохон хөдөлгөөн зохион байгуулж, ажил хаяхаа мэдэгджээ.
Ийнхүү анх сургуулийн багш, ажилтны хүрэлцээ болон сургалтын нөхцөлтэй холбоотой эхэлсэн хөдөлгөөн одоо үндэсний хэмжээний хямрал болон өргөжөөд байна.
