НОБЕЛИЙН АНАГААХ УХААНЫ ШАГНАЛЫГ ТАРХИНЫ МЭДРЭЛИЙН ЭСИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ АРГЫГ ХӨГЖҮҮЛСЭН ЭРДЭМТЭД ХҮРТЛЭЭ
Хүний тархи мэдээллийг хэрхэн боловсруулж, ой санамж, сэтгэл хөдлөл, зан үйлийг хэрхэн удирддагийг судлахад томоохон өөрчлөлт авчирсан нээлтээрээ АНУ-ын эрдэмтэн Карл Дайссерот болон Германы эрдэмтэд Петер Хегеманн, Георг Нагель нар 2026 оны Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртлээ.
Шведийн Каролинскийн хүрээлэнгийн Нобелийн ассамблей тэднийг “гэрлээр идэвхждэг ионы сувгууд болон оптогенетикийн талаарх нээлтүүдийнх нь төлөө” ийнхүү шагнасан байна.
Энэ жилийн шагналын гол ач холбогдол нь судлаачдад амьд тархины тодорхой мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг гэрлийн тусламжтайгаар асаах, унтраах боломж олгосон технологид оршиж байна. Өмнө нь эрдэмтэд тархины аль хэсэг ямар үйл ажиллагаатай холбоотойг ажиглаж чаддаг байсан ч тухайн мэдрэлийн эсийг яг өөрийг нь сонгон идэвхжүүлж, үр дагаврыг нь шалгах боломж хязгаарлагдмал байжээ. Харин оптогенетик энэ асуудлыг шинэ түвшинд гаргасан байна.
Энэхүү судалгааны үндэс нь хүний тархи бус, нэг эст замгийн гэрэлд хариу үйлдэл үзүүлдэг механизмыг судалснаас эхтэй. Петер Хегеманн замаг гэрлийн зүг хэрхэн хөдөлдөгийг судлах явцдаа гэрэлд мэдрэмтгий уургийг илрүүлж, улмаар Георг Нагельтай хамтран channelrhodopsin хэмээх гэрэлд мэдрэмтгий ионы сувгийг нээжээ. Уг уурагт цэнхэр гэрэл тусахад ионы суваг нээгдэж, ионууд эсийн мембранаар нэвтэрснээр цахилгаан дохио үүсдэг байна. Энэхүү нээлт нь хожим мэдрэлийн эсийн үйл ажиллагааг гэрлийн тусламжтайгаар нарийн удирдах оптогенетикийн аргын суурь болжээ.
Карл Дайссерот энэ нээлтийг мэдрэлийн эсийн судалгаанд ашиглаж, channelrhodopsin-ийн генийг хархны мэдрэлийн эсэд оруулан гэрлээр мэдрэлийн дохио үүсгэж болохыг харуулжээ. Тэрээр дараа нь энэ аргыг амьд хулганын тархинд ашигласнаар гэрлээр удирддаг мэдрэлийн “унтраалга”-ыг бий болгосон байна. Ийнхүү өнөөдөр оптогенетик хэмээн нэрлэгддэг арга бүрэлджээ.
Нобелийн хороо энэхүү технологийг тархины тодорхой мэдрэлийн хэлхээ ой санамж, сэтгэл хөдлөл, зан үйлд хэрхэн нөлөөлдгийг судлахад өргөнөөр ашиглаж байгааг онцолжээ. Түүнчлэн мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгийн шалтгаан, үйл явцыг судлахаас гадна хараа сэргээх чиглэлээр эмнэлзүйн судалгаанд ашиглаж байна.
Гурван эрдэмтэн нийт 12 сая швед крон буюу ойролцоогоор 1.2 сая ам.долларын шагналын мөнгийг хуваан хүртэнэ.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 6-нд Физикийн Нобелийн шагнал, 7-нд Химийн, 8-нд Утга зохиолын, 9-нд Энх тайвны Нобелийн шагналыг тус тус зарлана. Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын шагналыг аравдугаар сарын 12-нд тодруулахаар товлосон байна.
