УМАРД СОЛОНГОС ТАЙВАНЬТАЙ ХОЛБООТОЙ АНУ-ЫН БОДЛОГЫГ ЭРС ШҮҮМЖИЛЖ, ОХУ-Д ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ ДАХИН ИЛЭРХИЙЛЭВ
Умард Солонгос АНУ-аас Тайваньд үзүүлж буй цэргийн дэмжлэг, зэвсгийн нийлүүлэлтийг шүүмжилж, энэ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдлээ.
Тус улсын төрийн мэдээллийн KCNA агентлагт нийтлэгдсэн тайлбарт Умард Солонгосын олон улсын асуудлаарх шинжээч Ким Мён Чоль АНУ-ын Тайванийн талаарх бодлого нь бүс нутгийн нөхцөл байдлыг хурцатгаж байна хэмээн буруутгажээ. Тэрбээр Вашингтон Тайваньд цэргийн дэмжлэг үзүүлэхдээ нутгийн нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй үр дагаврыг сайтар тооцох хэрэгтэй гэж анхааруулсан байна.
Энэхүү мэдэгдэл нь Тайвань АНУ-аас захиалсан 66 ширхэг F-16V Block 70 сөнөөгч онгоцны эхний хоёр онгоцыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авсантай холбоотой юм. Тайвань БНХАУ-ын зүгээс ирж буй цэргийн дарамт нэмэгдэж буй энэ үед батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол Бээжин АНУ-ын зэвсгийн нийлүүлэлтийг эрс эсэргүүцдэг.
Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд Тайванийн асуудалд гаднын улс орнууд оролцохыг эсэргүүцдэг. Умард Солонгос “Нэг Хятад” зарчмыг дэмждэг байр сууриа өмнө нь ч илэрхийлж байсан юм.
Түүнчлэн Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд төрсөн өдрийн мэндчилгээ илгээж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхээ мэдэгджээ. Тэрбээр ОХУ-ын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үйл хэрэгт амжилт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Умард Солонгос, ОХУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй бэхжиж, цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь өргөжиж байгаа. Хоёр улс 2024 оны зургаадугаар сард стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд үүний дараа харилцаа нь шинэ шатанд гарсан юм.
Пёньян нэг талаас АНУ-ын Тайванийн талаарх бодлогыг шүүмжилж, нөгөө талаас ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх байр сууриа дахин илэрхийллээ. Энэ нь АНУ-Хятадын харилцаа, Тайванийн асуудал болон ОХУ-Умард Солонгосын харилцаа Зүүн Азийн аюулгүй байдлын нөхцөл байдалд харилцан нөлөөлж байгааг харуулж байна.
Эх сурвалж: Reuters, KCNA
