ӨМНӨД СОЛОНГОСЫН БАНКУУДАД ХИЙСЭН КИБЕР ХАЛДЛАГАД ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

2026-10-08
ӨМНӨД СОЛОНГОСЫН БАНКУУДАД ХИЙСЭН КИБЕР ХАЛДЛАГАД ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Өмнөд Солонгосын санхүүгийн байгууллагуудад есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхээр хийсэн кибер халдлагын ард БНХАУ-ын Гуандун мужид оршин суудаг 26 настай этгээд байж болзошгүй гэж АНУ-ын кибер аюулгүй байдлын CrowdStrike компани мэдээлэв.

Тус компанийн шинжилгээгээр халдагч этгээд нь Хятадад хөгжүүлсэн, хиймэл оюун ухаанд суурилсан ARTEX хэмээх хэрэгслийг ашиглан Өмнөд Солонгосын санхүүгийн байгууллагуудын системд нэвтэрч, мэдээлэл хулгайлсан байж болзошгүй байна. Түүнчлэн халдлагын үеэр Claude, DeepSeek, Grok зэрэг хиймэл оюун ухааны загваруудыг ашигласан нь тогтоогджээ.

Халдлагад Хана, KB Күүкмин, Шинхан зэрэг банкууд өртсөн байна. Шинхан банкны мэдээлснээр 25 мянга орчим харилцагчийн мэдээлэл алдагдсан бол KB Күүкмин банк 119 харилцагчийн мэдээлэл задруулсныг мэдээлжээ.

CrowdStrike-ийн мэдээлснээр, уг этгээд хиймэл оюун ухааны тусламжтайгаар Өмнөд Солонгост хулгайлагдсан мэдээллийг хаана худалдаалж байгааг болон ийм мэдээлэл борлуулдаг Telegram бүлгүүдийг хайж байжээ. Мөн хиймэл оюун ухаанаар кибер аюулгүй байдлын мэргэжилтний тухай намтар бичүүлэхдээ өөрийн нас, боловсрол, оршин суугаа газар зэрэг мэдээллээ оруулсан байжээ.

Гэхдээ халдлагын ард чухам хэн байсан, нийт хэчнээн хэмжээний мэдээлэл алдагдсан нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй байна. Өмнөд Солонгосын цагдаа уг хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд энэ хэрэг нь хиймэл оюун ухааныг кибер халдлагад ашиглах эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: Reuters