ЗОРЧООГҮЙ ӨДРИЙН ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХАСНА

2026-10-09
ЗОРЧООГҮЙ ӨДРИЙН ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХАСНА

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хязгаарлалтын улмаас замын хөдөлгөөнд оролцоогүй өдрүүдийн авто зам ашигласны төлбөрийг ирэх оны төлбөрөөс хасаж тооцох санал гаргажээ.

Тодруулбал, энэ онд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын дагуу автомашинаа замын хөдөлгөөнд ашиглаагүй 14 хоногийн төлбөрийг 2027 оны авто зам ашигласны төлбөрөөс хасаж тооцох боломжтой талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн байна.

Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг өөрчлөх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцжээ. Ингэхдээ улсын дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоогүй өдрийн төлбөрийг хасаж тооцох зохицуулалтыг тусгахаар санал болгосон байна.

Харин автомашины албан татвараас хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тусад нь авч үзэх бөгөөд үүний тулд Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай аж.

Энэ хүрээнд нийслэлийн зүгээс холбогдох саналаа Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд цаашид Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Автомашины улсын дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоогүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хасаж тооцох болон автомашины албан татвараас хөнгөлөх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх юм.