ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монгол Ардын Намын (МАН) Удирдах зөвлөл өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 6-ны өдөр 11:00 цагаас хуралдахаар товлогджээ. Хурлын гол зорилго нь Ерөнхий сайдаа тодруулах гэхээсээ илүү МАН-ын бага хурлын товыг тогтож, эцсийн тохироо хүртлээ цаг хожих алхам хийж байгаа сурагтай.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, өөрөө түүний оронд УИХ-ын даргын албан тушаалд очих тохироог дотроо боловсруулж эхэлсэн байна. Угтаа Удирдах зөвлөлийн хурлыг өмнөх өдрүүдэд зарлах боломж байсаар атал хойшлуулсан нь нам дотроо тохироо хийж, нэр дэвшигчийн асуудлаар нөлөөллийн хэлэлцээр өрнүүлсэнтэй холбоотой гэх байр суурь цөөнгүй байна.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ анх Хотын дарга Х.Нямбаатарыг буюу өөрийн ах дүүгийн хүрээллийн хүнийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр зүтгэж байсан ч уг хувилбарыг татаж, оронд нь Д.Амарбаясгаланг ил гаргахаар эцсийн сумаа тавьж буй сураг төрийн ордонд дуулдаж эхлээд байгаа юм. Хэрэв энэ хувилбар дэмжигдэхгүй бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг заалнаас нэр дэвшүүлэх хоёр дахь сонголтыг хэлэлцэж байгаа мэдээлэл ч бий.
Харин эсрэг талд, улс төрийн хашир тоглогчдын тооцоолол илүү бодлогын шинж чанартай өрнөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн Ерөнхий сайдын томилгоонд туршлагыг гол шалгуур болгон, 1970-аад оны төлөөлөл, хоёр ба түүнээс дээш удаа парламентын сонгуульд ялсан, Засгийн газарт ажилласан туршлагатай улстөрчийг дэмжих байр суурийг илэрхийлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ шаардлагад нийцэх хүмүүсийн хүрээ хязгаарлагдмал бөгөөд гол яригдаж буй нэр дэвшигчид нь Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар юм. Эдгээр улс төрчид нэгнээ дэмжин, эвсэл байгуулж, Ерөнхий сайдын сэнтий рүү нэгдсэн байдлаар тэмүүлэхээр тохиролцож байгаа бололтой. Гэхдээ энэ гурвалын дундаас Г.Занданшатар илүү давамгай боломжтой байж болзошгүй.
Үе хоорондын улс төрийн зөрчил
Өнгөрсөн арван жилд МАН-ын дотоод бүтэц 1980-аад оны залуу үеийн улстөрчдөд түлхүү боломж олгож ирсэн. Харин энэ удаад 1970 оныхон улс төрийн эргүүлгийг буцаах эрмэлзэлтэйгээр нэгдэж буй нь Бага хурлын гол зөрчилдөгч хүч болж байна. Үе хоорондын энэ тулаан Бага хурлын үеэр эрчимжиж, аль нэг талын давуу байдал тодорхой болох төлөвтэй.
Хэрэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэг үнэхээр 1970-аад оны туршлагатай улстөрчдөд байгаа бол энэ удаагийн Ерөнхий сайдын томилгоо МАН-ын дотоод тэнцвэр, улмаар төрийн институцийн тогтвортой байдалд нөлөө үзүүлэх томоохон алхам болно гэх таамаг дэвшүүлэхэд хүргэж буй.
