ИРАНД ДАХИН ХУВЬСГАЛ ГАРАХ УУ...
2026 оны эхний долоо хоногийн байдлаар Ираны жагсаал хүчээ авч, цар хүрээгээ улам тэлэх хандлагатай болж эхэллээ. Тус улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаал нь олон улсын анхаарлын төвд байгаа бөгөөд Иранд дахин хувьсгал гарах уу гэх асуулт нийгмийн сүлжээнд ид өрнөж байна.
Эдийн засгийн хямрал, инфляц, валютын ханшийн уналт, нийгмийн тэгш бус байдал зэрэг хүчин зүйлсийн улмаас эхэлсэн жагсаал нь сүүлийн саруудад улс төрийн шинж чанартай болж, зарим бүс нутагт Засгийн газрыг шууд шүүмжилсэн уриа, шаардлага давамгайлах боллоо. Тухайлбал, 1979 оноос хойш эхэлсэн "Харанхуй үе" буюу эмэгтэйчүүдийн эрхэнд халдаж бүхэлд нь Жиджаб өмсгөж, суралцах эрхийг нь боомилсон үйл явдлыг эцэс болгохоор зорьж байна. Мөн Иран охид бүсгүйчүүдийн дунд Хиджабаа тайлж шатаах, шашны дээд удирдагч Аятолла Али Хамейнигийн зургаар тамхи асаах давалгаа ид өрнөж байна. Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд 2300 орчим хүн баривчлагдаж 65 хүн амиа алджээ.
Жагсаал тэмцэл Ираны 500 гаруй хот, суурин, нийгмийн янз бүрийн давхаргыг хамарч байгаа ч нэгдсэн удирдлага, төвлөрсөн зохион байгуулалт дутмаг хэвээр байна. Жагсагчид эхлээд эдийн засгийн тэгш байдлыг нэхэж шаардсан бол сүүлийн үед улс төрийн шинэчлэл, тэр ч байтугай 1979 оны хувьсгалаас өмнөх засаглалын хэлбэрийг эргэн сэргээх тухай уриа ч гарч эхлээд буй.
Үүний хариуд Ираны эрх баригчид интернетийг хааж, хүч хэрэглэн жагсаалыг дарах, эсэргүүцэгчдийг хатуу үгээр буруутгах зэрэг арга хэмжээг эрчимжүүлж байна. Эрх баригчдын уг арга хэмжээ нь эсэргүүцлийн жагсаалын цар хүрээг түр хугацаанд сааруулж болох ч нийгмийн суурь шалтгаан шаардлагуудыг хэзээ ч дарж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь эрхбармгчид эсэргүүцлийг дарахдаа хатуу арга хэрэглэж, интернетийг хаах, хүч хэрэглэн айдас төрүүлэх тактик руу шилжвэл улс төрийн легитим байдлыг улам бууруулдаг гэх судалгаа бий.
Судлаач, шинжээчдийн зүгээс өнөөгийн нөхцөл байдлыг “хувьсгалын өмнөх шат” хэмээн тодорхойлж байна. Учир нь тэгж харах гурван гол шалтгаан бий.
Нэгдүгээрт, эсэргүүцлийн хөдөлгөөн улс даяар тархсан ч нэгдсэн улс төрийн зорилго, удирдлагагүй байна.
Хоёрдугаарт, Ираны төрийн тогтолцоо, ялангуяа аюулгүй байдлын байгууллагуудын нэгдмэл байдал одоогоор хэвээр хадгалагдаж байна.
Гуравдугаарт, олон улсын оролцоо, шахалт үзүүлэх байдал хангалтгүй байгаа тул Ираны Засгийн газрыг сулруулах хэмжээнд хараахан хүрээгүй гэсэн үг. Ираны төрийн гол давуу тал бол аюулгүй байдлын аппаратын нэгдмэл байдал хэвээр байгаа явдал. Цэрэг, тусгай алба, шашны институцүүд одоогоор Засгийн газартаа үнэнч зүтгэсэн хэвээр байгаа. Энэ нь хувьсгал гарах магадлалыг богино хугацаанд хязгаарлаж буй гол хүчин зүйл.
Хэрэв эсэргүүцлийн хөдөлгөөн дотроо зохион байгуулалттай бүтэцтэй болж, тодорхой улс төрийн зорилго, удирдлагатай болбол хувьсгалын магадлал эрс нэмэгдэнэ. Мөн аюулгүй байдлын байгууллагуудын дотор хагарал үүсэх, эсвэл гадаад эдийн засаг, дипломат дарамт эрчимжих нь одоогийн тогтвортой байдлыг алдагдуулах чухал хүчин зүйл байж болно. Тиймээс Иранд өнөөдөр өрнөж буй үйл явцыг хувьсгал гарна хэмээн тодорхойлоход эрт байна. Гэхдээ Иранчууд хүссэн үр дүндээ хүрч чадах эсэх нь жагсаалын цаашдын зохион байгуулалт, төрийн хүчний байр суурь, гадаад орчны өөрчлөлтөөс шууд хамаарна.
Э.Чинзаяа
