ЕРӨНХИЙЛӨГЧ РУМЕН РАДЕВ ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХЭД ӨГЧЭЭ
Болгарын Ерөнхийлөгч Румен Радевийн огцрох өргөдлийг Үндсэн хуулийн шүүхэд албан ёсоор хүргүүлсэн бөгөөд төрийн тэргүүн шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Болгарын үндэсний мэдээллийн агентлаг (БТА)-д мэдээлжээ.
Румен Радев энэхүү шийдвэрээ өчигдөр Болгарын ард түмэнд хандан хийсэн мэдэгдэлдээ зарласан бөгөөд “улсынхаа ерөнхийлөгчийн хувиар ард иргэддээ хандан үг хэлж буй нь сүүлчийн удаа” гэдгээ онцолсон. Тэрээр хэлэхдээ, өнөөдөр би Болгарын Ерөнхийлөгчийн хувиар та бүхэндээ хандан үг хэлж буй сүүлчийн өдөр. Юуны өмнө уучлал хүсэж байна. Цаг хугацаа та бүхний итгэлийг сорьсон, тиймээс тэвчээр гаргасанд тань баярлалаа. Өөрийн гаргасан алдаа, хийж амжаагүй зүйлсээ би ухамсарлаж байна. Гэсэн ч бид зорьсондоо хүрнэ гэсэн итгэл минь энэ шийдвэрийг гаргах гол шалтгаан болсон” гэж мэдэгджээ.
Мөн тэрээр одоогийн дэд ерөнхийлөгч Илияна Йотова нь төрийн тэргүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Болгарын Үндсэн хуулийн 97 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нэг үндэслэл нь Үндсэн хуулийн шүүхэд огцрох өргөдөл гаргах явдал юм. Ерөнхийлөгч огцрох өргөдлөө гаргасны дараа Үндсэн хуулийн шүүх уг өргөдлийг хэлэлцэн, хүчин төгөлдөр гэж үзвэл түүний бүрэн эрх албан ёсоор дуусгавар болдог. Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч огцорсон тохиолдолд Дэд Ерөнхийлөгч нь бүрэн эрхийн хугацаа дуустал төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэнэ. Тэр хүн нь одоогийн дэд ерөнхийлөгч нь Илияна Йотова юм.
Румен Радев нь Болгарын Бүгд Найрамдах Улсын ардчилсан замаар сонгогдсон тав дахь ерөнхийлөгч бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сард анх сонгогдож, 2021 оны арваннэгдүгээр сард хоёр дахь удаагаа дахин сонгогдсон. Тэрээр 2014–2016 онд Болгарын Агаарын цэргийн хүчний командлагчаар ажиллаж байжээ.
Болгарын түүхэнд өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч нь огцрох өргөдөл гаргасан тохиолдол байгаагүй юм.
Болгарын Ерөнхийлөгч Румен Радев огцрох өргөдлөө Үндсэн хуулийн шүүхэд хүргүүлсэнтэй холбоотойгоор тус улсын улс төрийн нөхцөл байдал улам бүр тодорхойгүй болж байна. Сүүлийн жилүүдэд Болгарт Засгийн газар тогтвортой бүрэлдэж чадахгүй, парламентын сонгууль хэд хэдэн удаа давтан явагдсан. Өнөөдөр ч энэ байдал хэвээр парламентын сонгуулийг дахин зохион байгуулах нөхцөл үүсээд байгаа. Үүнтэй зэрэгцэн эдийн засгийн нөхцөл байдал ч олон нийтийн санаа бодолд нөлөөлж байна.
Болгар улс еврог нэвтрүүлэх бэлтгэл, шилжилтийн үйл явцтай холбоотойгоор үнийн өсөлт бий болж, зарим иргэдийн хувьд өдөр тутмын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэж байгаа нь бодит дарамт болж байгааг илэрхийлж байгаа бол эрх баригчид болон эдийн засагчид үнийн өсөлтийг зөвхөн валютын шилжилттэй шууд холбох нь өрөөсгөл гэж тайлбарлаж байна.
Ард иргэдийн байр суурь нэлээд хуваагдмал байгаа бөгөөд нэг хэсэг нь улс төрийн хариуцлага тооцож буй алхамуудыг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь тасралтгүй сонгууль, тогтворгүй засаглал нь эдийн засаг, нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаад бухимдалтай байгаа юм. Ийнхүү Засгийн газрын тогтворгүй байдал, Ерөнхийлөгчийн огцрох үйл явц, парламентын дахин сонгуулийн магадлал, мөн эдийн засгийн шилжилттэй холбоотой сорилтууд зэрэг олон хүчин зүйл огтлолцож, Болгарын улс төр, нийгмийн нөхцөл байдал ойрын хугацаанд тодорхой бус хэвээр байх төлөвтэй байна.
