ГЕНЕРАЛУУДЫН ЦЭВЭРЛЭГЭЭ: ШИ ЖИНЬПИНИЙ “БАРУУН ГАР” ШАЛГАГДАЖ ЭХЛЭВ

2026-01-26
ГЕНЕРАЛУУДЫН ЦЭВЭРЛЭГЭЭ: ШИ ЖИНЬПИНИЙ “БАРУУН ГАР” ШАЛГАГДАЖ ЭХЛЭВ

Генералуудын цэвэрлэгээ: Ши Жиньпиний “баруун гар” шалгагдаж эхлэв

Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин БНХАУ-ын зэвсэгт хүчинд шинэчлэл хийж, орчин үеийн болгох нэрийн дор цэргийн генералуудаа цэвэрлэж, өөрийн эсрэг зогсох өрсөлдөгчгүй болгох ажиллагаа явуулж байна. Үүнийг барууны томоохон хэвлэлүүд цэргийн “генералуудын цэвэрлэгээ” хэмээн онцолжээ.

Цэвэрлэгээнд өртөж буй дараагийн бай бол БНХАУ-ын зэвсэгт хүчний хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг, Ши Жиньпиний дараагийн хүн буюу “хоёрдугаар командлагч” Жан Юошя юм.

Хятадын Батлан хамгаалах яамнаас Жан Юошя генералыг сахилгын зөрчил, авлигын шинжтэй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснийг албан ёсоор мэдэгдсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. Сүүлийн саруудад хэд хэдэн дээд цолтой офицер албан тушаалаасаа чөлөөлөгдөж, намын сахилгын байгууллагын шалгалтад орсон нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм.

Жан Юошягийн шалгагдаж буй асуудал бол Хятадын цэргийн удирдлагын орой дээрх хүчний тэнцвэрт нөлөөлөхүйц үйл явдал юм. Ийм өндөр түвшний хүнийг шалгаж эхэлсэн нь Ши Жиньпин зэвсэгт хүчний доторх хяналтаа улам чангатгаж, өөрт үнэнч бус, эсвэл авлигад холбогдсон бүлэглэлүүдийг цэвэрлэж байгаа хэрэг гэж шинжээчид үзэж байна.

Гэвч зарим хэвлэлүүд “Ши Жиньпинийг түлхэн унагаах цэргийн эргэлт болсон”, “хамгаалалтын албаныхан болон цэргүүдийн хооронд буудалцаан гарсан” гэх мэт мэдээлэл тараажээ. Тус мэдээллүүдэд мянган цэргийн албан хаагч баривчлагдсан, Ши Жиньпиний хамгаалагчид шархадсан гэх сенсацтай мэдэгдэл багтсан ч одоогоор албан ёсны эх сурвалжуудаар батлагдаагүй байна. Харин өндөр түвшний генералуудын цэвэрлэгээ эрчимжиж байгаа нь үнэн юм.

Шинжээчдийн дүгнэснээр Ши Жиньпин 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш армийг улс төрийн хувьд бүрэн атгандаа байлгах бодлого явуулж ирсэн. Түүний эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд хэдэн арван генерал, дээд албан тушаалтнууд ял шийтгэл авч, албан тушаалаасаа огцорсон байдаг.

Энэ цэвэрлэгээний шалтгаан нь геополитикийн асуудалтай холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал Тайваньтай холбоотой хурцадмал байдал, АНУ болон Барууны орнуудтай геополитикийн сөргөлдөөн, Хятадын армийг орчин үеийн, өндөр технологийн хүчин болгох зорилт зэрэгтэй уялдан, цэргийн удирдлагын доторх улс төрийн найдвартай байдлыг дахин баталгаажуулах алхам гэж тайлбарлаж байна. Хятадын дээд генералын мөрдөн шалгалт нь Ши Жиньпиний эрх мэдлийг ганхсан дохио бус, харин ч эсрэгээрээ түүний зэвсэгт хүчний доторх хяналтыг улам бэхжүүлж буй илрэл гэж шинжээчид үзэж байна.

Э.Чинзаяа