МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ИНТЕГРАЦИЙН БОСГОН ДЭЭР...

2026-02-15
МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ИНТЕГРАЦИЙН БОСГОН ДЭЭР...

Томилолт: Сэтгүүлчийн тэмдэглэл...

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9–13-ны хооронд Орос Улсын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин-ы урилгаар Москва хотод айлчиллаа. Н.Учралын ОХУ-д хийсэн энэхүү айлчлал нь УИХ-ын даргын хувиар хэрэгжүүлж буй анхны айлчлал бөгөөд цар хүрээ өргөн, ач холбогдол өндөр болсон юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц, бүс нутгийн хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ирээдүй, Улаанбаатар төмөр замын шинэчлэл, Орос–Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл, агаарын тээврийн шатахууны найдвартай хангамж зэрэг Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлууд багтаж байв.

Монгол Улс газарзүйн байршлын хувьд хоёр их гүрний дунд оршдог тул гадаад бодлогоо ухаалаг, тэнцвэртэй хэрэгжүүлэх нь дотоодын улс төр, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Энэ утгаараа УИХ-ын дарга Н.Учрал анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлсэн нь Монгол Улс гадаад бодлогоо зөв тодорхойлж чадвал эдийн засгийн томоохон боломж бий илтгэсэн явдал болов. Тодруулбал, Монгол Улс Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох, цаашлаад Евразийн эдийн засгийн холбооны 180 сая гаруй хүн амтай том зах зээлд өрсөлдөх шинэ хуудсыг нээж буй.

Иймээс УИХ-ын дарга Н.Учрал айлчлалын бүрэлдэхүүндээ төрийн албаны төлөөллөөс гадна хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр оролцуулсан нь онцлог байлаа.

Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 гаруй бизнес эрхлэгч Москва хотноо зохион байгуулагдсан “Монгол–Оросын бизнес форум”-д оролцож, ОХУ-ын 100 гаруй төлөөлөлтэй уулзан, хамтын ажиллагааны олон гэрээ, хэлэлцээр байгуулсан юм. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ноос, ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүд экспортын чиглэлээр томоохон гэрээнүүд байгуулсан нь Монголын үйлдвэрлэлийг шинэ зах зээлд гарах хөшүүрэг болсон юм.

Уг форумд УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлагуудын төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, мөн ОХУ-ын улс төр, эдийн засгийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуур, нэхмэлийн салбарын өнөөгийн байдал, зах зээлийн боломж, хөрөнгө оруулалтын чиглэлийн талаар танилцуулсан юм.

Оросын бизнесүүдийн зүгээс Монголын ноолуурын “ноу-хауг” ихээр сонирхож байсан бөгөөд манайхаас ноолуур, ноолууран утас авахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.

Гэхдээ аливаа интеграцид нэгдэх нь зөвхөн боломж сорилтыг зэрэг дагуулдаг. Тухайлбал Монгол Улс аварга зах зээлд нэвтрэхийн хажуугаар дотоодын зах зээлд гадаадын хүчтэй өрсөлдөөнтэй нүүр тулах эрсдэл бий. Тиймээс гэрээ хэлэлцээр байгуулаад өнгөрөх нь хангалтгүй бөгөөд үйлдвэрлэлийн чанар, стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэх, логистик, тээврийн зардлыг бууруулах, экспортын бодлогыг төрийн түвшинд дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг форумд оролцсон бизнесийн төлөөллүүд онцолж байв. Мөн төр засгийн зүгээс стратегийн салбаруудаа бодлогоор хамгаалах, экспортын бүтэц, зах зээлийг төрөлжүүлэх, олон тулгуурт гадаад эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь чухал болохыг форумд  оролцсон манай үндэсний үйлдчвэрлэгчид онцлон тэмдэглэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монголын экспорт цөөн зах зээлээс өндөр хамааралтай байгаа нь эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Харин Евразийн зах зээлд нэвтрэх нь экспортын чиглэлийг төрөлжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн цар хүрээг тэлэх стратегийн ач холбогдолтой.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогыг баримталдаг ч газарзүйн байршлын хувьд хоёр хөрштэйгөө эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, худалдааны салбарт хамтран ажиллах нь зайлшгүй шаардлага хэвээр байна. Иймд хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ үндэсний эрх ашиг, эдийн засгийн бие даасан байдлыг нэн тэргүүнд тавих нь Монгол Улсын төрийн бодлогын үндсэн зарчим байх ёстой юм.

Э.Чинзаяа