1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ "ХАЛАМЖ" БИШ
Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаа эзэмшиж буй иргэдэд ногдол ашиг олгох шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбоотой ногдол ашиг олгох нь "зөв, буруу" гэх уламжлалт шахуу маргаан цахим орчинд өрнөж байна. Юун түрүүнд 1072 хувьцааны ногдол ашгийг "мөнгө тараах" гэж ойлгож болохгүй. Ногдол ашгийг халамж, мөнгө тараалт хэмээн харж буй хүмүүст компанийн тухай хуулиа уншиж үзэхийг зөвлөе.
Монгол Улсын иргэн бүрд стратегийн ордын үр өгөөжийг хүртээх зорилгоор тус Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг эзэмшүүлсэн. Ингэснээр иргэд бид Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч болж, компани ашигтай ажилласан тохиолдолд үр өгөөж хүртэх эрхтэй хөрөнгө эзэмшигчид болсон гэсэн үг.
Компанийн тухай хуульд, "Хувьцаа эзэмшигч бүр эзэмшлийн хувь хэмжээгээрээ ашиг хүртэх эрхтэй" гэж заасан. Тиймээс бид 1072 хувьцааны ногдол ашгаа авах нь хууль ёсны бөгөөд хуулийн дагуу өмчийн орлогоо авч буй хэлбэр юм. За тэгвэл иргэдийн ногдол ашгийг олгохгүй том төсөл санхүүжүүлэх ёстой үзэлд хариулах нь.
Нэгдүгээрт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Засгийн газар. Тиймээс төр өөрөө компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд улс орны хэмжээний томоохон төслүүдээ санхүүжүүлэх эх үүсвэрээ өөрт ногдох ногдол ашгаар санхүүжүүлэх ёстой. Хэрэв компани ашигтай ажиллаж байгаа бол төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ашиг улсын төсөвт төвлөрч, түүгээрээ стратегийн төслүүдээ санхүүжүүлэнэ гэсэн үг. Ийм л энгийн логик.
Хоёрдугаарт, иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгохгүй том төслүүдээ санхүүжүүлэх нь эдийн засгийн хувьд боломжтой мэт харагдавч өмчийн эрхийн логиктой зөрчилдөнө. Иргэд бид жижиг хувьцаа эзэмшигч. Энэ ч утгаараа ихэнх хувийг эзэмшиж буй Засгийн газар иргэдэд хүртээх өгөөжийг өөр зорилгоор буюу том төсөл санхүүжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Засгийн газар Эрдэнэс Тавантолгой ХК ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг тараах эсэхийг шийдэхдээ компанийн санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын хэрэгцээг харгалзах боломжтой ч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хойшлуулах нь эсрэгээрээ компанийн засаглалыг эрсдэлд оруулна.
Дэлхийн улс орнуудын туршлага ч ийм. Норвеги, Сингапур, Бразил, Финланд, Чили зэрэг улсад төрийн оролцоотой уул уурхайн болон эрчим хүчний томоохон компаниуд нь ашгийнхаа тодорхой хэсгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарлиж, үлдсэн хэсгийг хөрөнгө оруулалтад үлдээдэг холимог загвар ашигладаг. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл хадгалагдаж, компанийн урт хугацааны өсөлт ч тасалдахгүй зарчимтай. Ногдол ашиг тогтмол олгодог компаниуд зах зээл дээр илүү үнэлэгддэг нь санхүүгийн судалгаагаар нотлогдсон байдаг.
Цаашид ч Эрдэнэс Тавантолгой ХК ашигтай ажилласан жилүүддээ ил тод байж, ногдол ашгаа хуваарлиж, хөрөнгө оруулалтын шийдвэрийг нээлттэй тайлбарлаж олон нийтийн компанийн жишгээр ажиллах ёстой. Харин шийдвэрүүд нь тогтворгүй, хаалттай ногдол ашиг хуваарлихгүй байвал 1072 хувьцаа эзэмшигч иргэдийн ойлголт сулран, хувьцаа нь эдийн засгийн актив бус улс төрийн хоосон лоозон л болох юм.
Товчхондоо Эрдэнэс Тавантолгой ХК-ийн төрийн эзэмшлийн хувь улсын төсөвт орж төмөр зам, баяжуулах үйлдвэр, эрчим хүч зэрэг том төслүүдүүдээ санхүүжүүлэх харин иргэдийн 1072 хувьцаа ногдол ашиг болж хуваарлигдах ёстой.
Харин иргэд өөрсдөө "ногдол ашиг хуваарлих, олгох" хэмээн ярьж хэвшье. Ногдол ашиг тараах, хувьцааны мөнгө өгөх гэж ярих нь нийгмийн сэтгэл зүйд шууд халамж тараах маягаар ойлгогдоод удаж байна.
Э.Чинзаяа
