МОНГОЛ АДУУНЫ ЭХ ХЭВ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛСОН "ХҮЛЭГ ЭРДЭНЭ" ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА

2026-07-09
МОНГОЛ АДУУНЫ ЭХ ХЭВ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛСОН "ХҮЛЭГ ЭРДЭНЭ" ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА

“Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээний хүрээнд зураач, урлаг судлалын ухааны доктор (Ph.D) Э.Гансүхийн “ХҮЛЭГ ЭРДЭНЭ” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Монголчуудын нүүдэлчин ахуй, түүх, соёлын салшгүй нэгэн хэсэг болсон адууны үнэ цэнэ, хүлэг эрдэнийн дүр төрх, бэлгэдлийг урлагийн бүтээлээр дамжуулан илэрхийлсэн энэхүү үзэсгэлэн нь шинжлэх ухаан, урлагийг хослуулсан бүтээлүүдээрээ онцлог болж байна.бичвэр-н уран зураг байж магадгүй

Зураач Э.Гансүх энэхүү бүтээлийн судалгааны үндэс болгон сүүлийн 300 орчим жилд хамаарах монгол бичгээр туурвисан 40 гаруй судар, мөн 100 гаруй жилийн хугацаанд зохион байгуулагдсан наадамд түрүүлж, айрагдсан 10,000 гаруй хурдан морины гэрэл зургийг ашиглажээ. Тэрбээр эдгээр түүхэн баримт, судалгааны материалд тулгуурлан монгол хүлгийн нийтлэг төрх буюу “архетип”-ийг тодорхойлж, “Өртөөлөн дүрслэх аргачлал”-аар уран бүтээлдээ шингээсэн байна.

“ХҮЛЭГ ЭРДЭНЭ” үзэсгэлэн нь монгол адууны гадаад төрх төдийгүй нүүдэлчдийн сэтгэлгээ, өв уламжлал, морин соёлын гүн утга агуулгыг уран сайхны хэлээр илэрхийлсэн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж байна. Адуу нь монголчуудын хувьд зөвхөн унаа хөсөг бус, түүх бүтээсэн хүлэг, эрх чөлөө, хийморь, үндэсний бахархлын бэлгэдэл байсаар ирсэн билээ.

Үзэсгэлэн 2026 оны 7 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 30-ны өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.