ХҮЙ ДОЛООН ХУДАГТ "АЙРАГ" ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА

2026-07-13
ХҮЙ ДОЛООН ХУДАГТ "АЙРАГ" ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА

Монголчуудын нүүдэлчин ахуй, адууны соёл, үндэсний хүнсний уламжлалыг илэрхийлдэг айргийг сурталчлан таниулах “Айраг” фестиваль өнөөдөр Хүй долоон худагт болж байна.

Тус фестиваль нь “Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмын 2026 оны албан ёсны хөтөлбөрт 7 дугаар сарын 13-ны 09:00–10:30 цагт, Хүй долоон худаг дахь Өв соёлын өргөө, гэрүүдэд болохоор тусгагдсан байна.

Фестивалийн үеэр Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн малчид оролцож, нутаг нутгийн айрагны онцлог, айраг эсгэх уламжлалт арга ухаан, хэрэглээний соёлыг олон нийтэд танилцуулж байна. Мөн монголчуудын эртнээс уламжилж ирсэн дэмбээ наадгайг сэргээн сурталчлах “Дэмбээ” тэмцээн зохион байгуулагдаж байгаа нь фестивалийн онцлох хэсгийн нэг болж байна.

Айраг нь монголчуудын хувьд зөвхөн ундаа бус, харин нүүдэлчин ахуй, малчин түмний хөдөлмөр, ахан дүүсийн хүндэтгэл, баяр ёслолын уламжлалыг илэрхийлдэг өв соёлын үнэт өв юм. Зуны дэлгэр цагт гүүний саам исгэж айраг болгох зан үйл нь монголчуудын байгальтайгаа зохицон амьдрах ухаан, ахуй соёлын өвөрмөц хэв маягийг илтгэнэ.

“Айраг” фестиваль нь энэхүү уламжлалыг орчин үеийн соёл, аялал жуулчлалын агуулгатай хослуулан олон нийтэд хүргэж байгаагаараа онцлогтой. Иргэд, жуулчид фестивалийн үеэр айрагны төрөл, амт, үнэрийн ялгааг танин мэдэхийн зэрэгцээ айраг эсгэх уламжлалт аргачлалтай танилцаж, үндэсний өв соёлын хөтөлбөрүүдийг үзэж сонирхох боломжтой байна.

Хүй долоон худагт болж буй энэхүү фестиваль нь Монгол Улсын нүүдэлчин ахуй, адууны соёл, үндэсний хүнсний уламжлалыг дотоод, гадаадын жуулчдад сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.