ГРИЙНЛАНД ИМПЕРИК МӨРӨӨДӨЛ БОЛСОН НЬ...
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Грийнландыг авах санаагаа дахин “цухалзуулав”. Тэрээр Грийнланд бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалд стратегийн өндөр ач холбогдолтой хэмээн “Air Force One” онгоцонд өгсөн ярилцлагадаа дурджээ. Дональд Трампын энэхүү мэдэгдлийг Арктикийн бүсэд байр сууриа бэхжүүлэх сонирхлоо "дахин илэрхийлсэн" алхам хэмээн ажиглагчид тайлбарлаж байна. Учир нь тэрээр 2019 онд буюу анхдугаар бүрэн эрхийнхээ хугацаанд Грийнландыг худалдан авах хүсэлтэй буйгаа илэрхийлснээр, олон улсын эсэргүүцэлтэй тулгарч “бүтэлгүйтэж” байсан түүхтэй.
Харин энэ удаад Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог орноос нь “сугалсан” юм чинь Грийнланд ч мөн хүрэшгүй холын хүсэл биш байж болно гэж Америк мөрөөдөл нь шивнэсэн үү бүү мэд.
Магадгүй Дональд Трампын хоёр дахь оролдлого бүтэж ч мэдэх шүү дээ. Учир нь тэрээр Николас Мадурог зайлуулах тухайгаа аль 2016 онд буюу АНУ-ын Ерөнхийлөгчөөр анх сонгогдмогцоо ярьж байсан. Харин хоёрдахь удаагаа тэр чадчихлаа.
За гол асуудалдаа оръё. Грийнланд бол дэлхийн хамгийн том арал бөгөөд газарзүйн байршлын хувьд Хойд Америк, Европын хооронд стратегийн чухал зангилаа бүсэд оршдог. Дэлхийн их гүрнүүдийн “хараан дор” байгаагийн хамгийн гол шалтгаан нь нөгөө л газрын ховор элемент.
Дональд Трампын мэдэгдлийг Дани болон Грийнландын удирдлагууд эрс эсэргүүцэх нь ойлгомжтой. Тэр ч бүү хэл Данийн Засгийн газар уг асуудлаар хямралын горимд шилжсэн байж болзошгүй хэмээн зарим шинжээчид үзэж байна. Хэрэв үнэхээр хямралын горимд шилжсэн бол энэ нь АНУ, Дани хоёрын харилцаанд дипломат дарамт үүсгэж, улмаар НАТО-гийн гишүүн орнуудын дунд Арктикийн бүсийн бодлогын талаар санал зөрөлдөөн бий болгох ч магадлалтай.
Данийн Засгийн газар Грийнланд хэзээ ч зарагдахгүй, арлын ирээдүйг зөвхөн Грийнландын ард түмэн шийдэх ёстой хэмээн мэдэгдсэн бол Грийнландын эрх баригчид тусгаар тогтнол, өөртөө засах засаглалын зарчмыг хөндөх аливаа санаачилгыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуг Дональд Трампад барив.
Грийнландад АНУ, ОХУ, Хятад зэрэг дэлхийн гүрнүүдийн ашиг сонирхол зэрэг огтлолцдог. АНУ тус бүс нутагт цэргийн бааз байршуулсан бол Хятадын компаниуд нисэх онгоцны буудал, боомт, уул уурхайн төслүүдэд оролцох сонирхлоо илэрхийлж, эдийн засгийн аргаар “зөөлөн гэтэх” оролдлогыг тасралтгүй хийсээр ирсэн. Харин ОХУ Хойд мөсөн далайн дагуу цэргийн баазууд, радарын систем, агаарын хамгаалалтаа идэвхтэй өргөжүүлж байна.
Ийм нөхцөлд АНУ Грийнландыг хяналтад оруулах бодит алхам хийвэл Арктикийн бүсэд АНУ, ОХУ, Хятадын сөргөлдөөн шууд эхлэх бус уу. Ялангуяа Хятад газрын ховор элемент гэх ганц “хөзрөөр” Америкийг багалзуурыг шахаж байна. Тиймээс Америкийг бэлэн нөөцөд эзэн суухыг зүгээр хараад суухгүй л болов уу...
Арктик дулаарах тусам далайн шинэ замууд нээгдэж, газрын ховор элементтэй Грийнландын ач холбогдол улам өсөж байна. Хязгааргүй их цас мөсөн дороо зөвхөн газрын ховор элемент бус уран, төмөр, зэс, цайр, алт, газрын тос, байгалийн хийг нуужээ.
Үүнээс гадна ил харагдаж буй атлаа төдийлөн яригддаггүй, дэлхийн ирээдүйн стратегийн нөөц болох цэнгэг усны асар их баялаг бүхий мөсөн бүрхүүл энд бий. Бас болоогүй, хүйтэн усны загас, сам хорхой нь дэлхийд хамгийн амттайд тооцогддог бөгөөд нөөц нь ч асар их. Ийм баялаг их цасан дор нуугдаж байхад империалист бодлоготой гүрнүүдийн мөнхийн зүүд болохоос өөр яах вэ.
Гэхдээ АНУ-ын аливаа “хяналт тогтоох” оролдлого нь олон улсын эрх зүй, тусгаар тогтнолын зарчимтай шууд зөрчилдөнө. Зөрчигдөнө гэж НАТО, ГААГ бидэнд библи шиг л номлосон.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан үйлдэл ч үүнээс ялгаагүй. Венесуэлийн иргэд дарангуйлалаас цөхөрсөн, эдийн засаг нь хямарсан, ард түмэн Николас Мадурог үзэн ядаж байсан ч, бүүр болъё, Николас Мадуро нүгэл ихтэй муу хүн байсан ч Америкийн шүүх Венесуэлийн Ерөнхийлөгчийг шүүнэ гэдэг нь бидний итгэж явсан олон улсын дэг журам, онол, зарчмууд хоосон лоозон байсныг харууллаа. Хаана байна тэр олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр? Дэг журам, олон улсын эрхзүй...
Орос Украин руу орсон. Одоо АНУ Венесуэл, Куба, Грийнланд руу удахгүй Хятад Тайвань руу орох уу?...
