АРГЕНТИНД "ШОК ЭМЧИЛГЭЭ" ҮР ДҮНГЭЭ ӨГӨВ
Улсаа өрнөөс гаргасан Хавьер Милейг эхлээд бүгд шүүмжилж байв. Түүний хувьд Аргентины Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа төсвийн үргүй зардлуудыг огцом танаж, нүсэр төрийн бүтцийг задлан жижиглэж, сөрөг хүчнээ хэлэх үггүй болтол нь "харгис" гэмээр бодлогуудыг хэрэгжүүлсэн байдаг.
Хавьер Милейн эдийн засгийн шок эмчилгээний үр дүн эхний жилдээ л мэдрэгдсэн бөгөөд төсвийн алдагдал буурч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн байдаг.
Эхэндээ Аргентины нийгэм хүчтэй цочрон үймж, шок эмчилгээг эсэргүүцсэн. Учир нь Аргентины төрийн нүсэр бүтцээс "арчигдсан" 30 гаруй мянган хүн гудманд гарахдаа тулж, ядуурал өлсгөлөнд нэрвэгдсэн, халамж тэтгэвэрийнхэн Хавьер Милейг огцорхыг шаардаж үе үе жагсаал зохион байгуулдаг болов. Шок эмчилгээний эхний цохилт эрчим хүч, тээврийн салбарын татаасыг огцом танахаас эхэлж, халамжийг бууруулж, төрийн өмчит компаниудыг хувьчлав. Энэ цохилтод өртөгсөд эсэргүүцэх нь ч аргагүй. Мэдээж л дээ. Үр ашиггүй зарлага, шаардлагагүй төсөл хөтөлбөрүүд түүнийг дагасан хүнд суртал, авлига гинжин хэлхээ мэт нэг нэгнээсээ уялдаатай бат бөх оршиж байсан нь тодорхой. Энэ гинжийг тас татахаар нийгэмд шок үүсэхгүй байх ч аргагүй. Гэвч олон жил үргэлжилсэн төсвийн алдагдлыг бууруулж, санхүүгийн сахилга батыг сэргээж чадсан нь эхний жилээсээ шууд мэдрэгдэж эхлэсэн байдаг.
Дараагийн чухал алхам нь гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого байв.
Аргентин улс удаан хугацаанд гадаад өрийн дарамтад байж ОУВС хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Хавьер Милей шинэ өр тавихаас зайлсхийж, төсвийн сахилга батыг чанд мөрдөхөөс гадна гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарлаа.
Түүний үзэж буйгаар эдийн засгийг сэргээх хамгийн бодит гарц нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Ингээд Аргентины Засгийн газар томоохон төслүүдийг дэмжих тусгай бодлогын хүрээнд зах зээлээ нээж эхэлжээ.
Гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогын үр дүн эхнээсээ мэдрэгдэж, Аргентин руу чиглэх хөрөнгө оруулалтын сонирхол нэмэгдсээр байна. АНУ-ын компаниуд Аргентины эрчим хүч, уул уурхайн салбарыг сонирхож хөрөнгө оруулах хүсэл сонирхолоо тасралтгүй илэрхийлсээр буй. Бусад улс ч адилхан.
Харин хөрөнгө оруулалт дундаас олон улсын анхаарлын хамгийн их татаж буй нь АНУ Аргентины Формоса муж дахь ураны үйлдвэрийн төслийг дуусгахад их хэмжээний хөрөнгө оруулах санал гаргасан нь байв. Үнийн дүн нь 200 тэрбум доллар. Хоёр жил гаруйн өмнө дампуурлаа зарлах гэж байсан Аргентин ийм хэмжээний хөрөнгө оруулалт татсан нь гайхамшиг биш гэж үү...
Мөн литийн нөөцөөр баялаг Аргентины “литийн гурвалжин” бүс нутаг Европын орнуудын анхаарлыг татаж, ногоон эрчим хүч, батерейн үйлдвэрлэлтэй холбоотой хөрөнгө оруулалтын боломжийг нээж байна.
Үүний зэрэгцээ БНХАУ өмнөх жилүүдэд байгуулсан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээрээ Аргентинд нөлөөгөө хадгалсаар байгаа бол Ойрх Дорнодын хөрөнгө оруулалтын сангууд эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт шинээр сонирхол илэрхийлж эхэлжээ. Бүс нутгийн хэмжээнд Бразил зэрэг хөрш орнуудтай үйлдвэрлэл, худалдааны хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа нь Аргентины эдийн засгийн гадаад холбоосыг улам өргөжүүлж байна.
Яахав шүүмжилсэн нэгэнд бол Аргентины эдийн засагт тулгарсан сорилтууд үргэлжилж байгаа. Инфляц өндөр, иргэдийн худалдан авах чадвар дорой, шок эмчилгээний нөлөөнд ядуурал богино хугацаанд нэмэгдсэн гэх шүүмжлэлүүд тасардаггүй. Гэхдээ макро эдийн засгийн үзүүлэлт нь ингэж сэргэсэн байхад микро түвшиндээ үр өгөөжөө өгөх нь цаг хугацааны асуудал. Гол нь Хавьер Милей зоригтой шинэчлэлүүд хийж, байгалийн баялгаа ашиглаж хөрөнгө оруулалт татаж чадлаа.
Үүнийг уншаад Аргентин болон Монгол улсын нийгэм, эдийн засагт ижил төстэй байж ээ гэх зүйлс ажиглав уу? Таны зөв. Аргентин ч Монгол ч уул уурхай, хөдөө аж ахуйн орон. Аль аль нь төрийн данхар бүтэцтэй. Гадаад валютын хомсдолд өртөмтгий. Уул уурхайн экспорт нь саарахад эдийн засагт нь шууд дарамт ирдэг. Мэдээж хоёулаа гадаад өрийн дарамтад байдаг. Хамгийн чухал нь гадаадын хөрөнгө оруулалт татаж чаддаггүй байв. Гэхдээ Аргентин хоёрхон жилд төр, нийгэм, эдийн засгийн түвшинд эрс өөрчлөгдөв. Харин Монгол?
Э.Чинзаяа
