УНГАРЧУУД СОНГОЛТЫН ӨМНӨ: ЕВРОПОО ДАГАХ УУ, ОРОСТОЙ ОЙРТОХ УУ?

2026-04-12
УНГАРЧУУД СОНГОЛТЫН ӨМНӨ: ЕВРОПОО ДАГАХ УУ, ОРОСТОЙ ОЙРТОХ УУ?

Унгар улсад өнөөдөр парламентын сонгууль болж байна. Тус сонгуульд Унгарын 8 сая орчим иргэн санал өгч байгаа бөгөөд сонгуультай зэрэгцээд улс төрийн уур амьсгал илт ширүүсч, нийслэл Будапешт хотын гудамж талбайд олон нийтийг хамарсан томоохон жагсаал өрнөж байна.

Учир нь Унгарын ард түмний олон жил хуримтлагдсан уур бухимдал, үл итгэлцэл тэсэрч, урт хугацаанд үргэлжилсэн Ерөнхий сайд Виктор Орбаны засаглалын он жилүүдийг дуусгавар болгохоор зорьж буйтай холбоотой юм.

Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг "Fidesz" нам 2010 оноос хойш тасралтгүй засгийн эрх барьж байна. Бүхэл бүтэн 16 жил засагласан энэ хугацаанд хэвлэл мэдээлэл, шүүх, төрийн байгууллагад Засгийн газрын нөлөө хэт их болсон нь нэг намын, өөрөөр хэлбэл нэг хүний засаглал “де-факто” тогтсоныг илтгэнэ.

Иймээс сонгуулийн системийг өөрт ашигтайгаар бүрдүүлж, давуу байдал олж авсан гэж үзэх сөрөг хүчнийхэн Виктор Орбаныг огцруулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байна. Ард иргэд нь ч дэмжин гарч ирэв.

Виктор Орбаны засагласан жилүүдэд Унгар улсын ардчилал суларч, эрх мэдэл нэг хүнд хэт төвлөрсөнөөс гадна гадаад бодлого нь “чиг баримжаагаа алдсан” хэмээн олон нийт шүүмжилж байна.

Учир нь түүний гадаад бодлого ОХУ-тай ойр, В.Путинд налсан шинжтэй гэж үздэг. Энэ бодлого нь Унгарын нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна хэмээн иргэд шүүмжилж байна. Украинд дайн эхэлснээс хойш Европын холбооны гишүүн орнууд Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, Украиныг дэмжих байр суурь баримталсан бол Унгар илүү болгоомжтой, зарим тохиолдолд зөрүүтэй байр суурь баримталж ирсэн. Мөн Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлэхээс татгалзсан нь барууны түншүүд төдийгүй дотоодын олон нийтийн дунд нэр хүндэд нь сөргөөр нөлөөлсөн. Харин Виктор Орбаны хувьд эрчим хүчний хараат байдлаасаа шалтгаалан Оросын хий, нефтийн нийлүүлэлтийг таслахгүй байхыг эрмэлзсэн нь эдийн засгийн бодит шаардлага гэж тайлбарлаж иржээ.

Жагсагчид Виктор Орбаны засаглал Унгарыг Европын Холбооны үнэт зүйлсээс аажмаар холдуулж, ОХУ-д ойртуулж байна гэж үзэж байна. Ардчиллын институцууд суларч, хэвлэлийн эрх чөлөө хумигдаж, хууль дээдлэх зарчим алдагдаж байна гэсэн уриа лоозонг жагсагчид барьжээ.

Харин нөгөө талд Виктор Орбаны дэмжигчид бий. Дэмжигчид нь Виктор Орбаны гадаад бодлогыг геополитикийн бодит байдалд тулгуурласан “прагматик сонголт” гэж үзнэ. Дайны сүүдэрт орших Европын жижиг эдийн засагтай улсын хувьд эрчим хүчний тогтвортой байдал, дотоодын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих нь зүйтэй гэнэ. Үнэхээр ч “дайнд татагдан орохгүй” гэсэн байр суурь нь иргэдийн тодорхой хэсгийн дэмжлэгийг авсан нь бодит үнэн юм.

Нэг зүйл танил харагдсан нь өнгөрсөн  хавар манайд ч ийм жагсаал, дүр зураг өрнөсөн билээ. Нэг нам, нэг хүний засаглалд 8 жил туйлдсан залуус талбайд гарсан. Унгарын дотоод асуудалтай яг л ижил процесс өрнөсөн гэж хэлж болно. Гадаад бодлого нь харин өөр.

Яг одоо Унгарт өрнөж буй энэхүү эсэргүүцлийн жагсаал нь зөвхөн нэг хүний "хаанчлалыг" эсэргүүцэхээс ч илүү өргөн хүрээний асуудлыг хөндөж байна. Өөрөөр хэлбэл, Унгар улс цаашид барууны орнуудтайгаа мөр зэрэгцэн явах уу, эсвэл бие даасан, зарим талаар Европоос зөрүүтэй бодлого баримтлах уу гэсэн стратегийн сонголтын өмнө ирээд байна. Эцсийн шийдвэрийг гаргах нь Унгарын ард түмэн өөрсдөө билээ. Сонголт нь мэргэн байг.