ОРМУЗЫН ХООЛОЙ: "ХААЛТАА ХААГААД", "ХААЛТАА НЭЭГЭЭД..."

2026-04-19
ОРМУЗЫН ХООЛОЙ: "ХААЛТАА ХААГААД", "ХААЛТАА НЭЭГЭЭД..."

"Хаалтаа хаагаад, хаалтаа нээгээд" гэдэг шиг Ормузын хоолой нээгдлээ гэх мэдээ гараад орой нь буцаад хаагдав аа хөөрхий. Дэлхийг нефтээр нь боож байгаа ганц цэг юм хойно дэлхий нийтээрээ ажиглаж л байна. Ер нь Ойрх Дорнодод уур амьсгал үе үе ширүүсэхэд дэлхийн улс орнууд  "Ормуз хаагдах вий" гэж санаа зовинохоос олон хүүхэд хэлмэгдэж зовж байгааг огтхон ч ойшоодоггүй байв. Ямар сайндаа л Ойрх Дорнодын аль нэг цэгт дайн, мөргөлдөөн, бөмбөгдөлт, өлсгөлөн, өнчрөл, хагацал, зовлон байж л байдаг хэвийн зүйл мэт,  "Газын зурвас" дахь өнөөгийн нөхцөл рүү өнгийдөг нь өдрийн од байв. Төгрөгийн ханш шал арчиж, мах гурилын үнэ тэнгэрт тулж буй хүнд үед Иран-АНУ-ын хэлэлцээ, "хаалтаа хаах, нээх"  нь манайханд хүлээлттэй сэдэв байхаас ч арга алга.

 Өчигдөр буюу 04.17ны өдөр  АНУ-ын тал Ормузын хоолойг нээлээ хэмээн мэдэгдсэн.  Гэтэл удалгүй Ираны тал Ормузыг дахин хааснаа зарлав.

 Яг өнөөгийн нөхцөлд Ормузын хоолойгоор  нэвтрэхэд Ираны зөвшөөрөл шаардлагатай хэвээр байна. Бүүр зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдол гал Иранчууд гал нээхэд бэлэн байна. Ираны зүгээс Ормузын хоолойг хаасан шалтгаанаа "АНУ хэлэлцээрээ биелүүлээгүй" учраас хэмээн онцолжээ.

АНУ-Израил, Ираны талууд хэдийгээр гал зогсоогоод буй ч хэлэлцээрт учирч байгаа зөрчлүүдийг улмаас Ормузын хоолойн нээлт, хаалт богино хугацаанд хэдэнтээ өөрчлөгдөж, олон улсын тээвэрлэлтэд тодорхой бус байдал бий болгож байна. 

Ираны тал аюулгүй байдлын шалтгаанаар хяналтаа чангатгаж, зарим тохиолдолд нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан нь нефтийн танкеруудын чиглэл, хуваарьт ч нөлөөлж эхэлжээ.

Энэ савалгаа дэлхийн зах зээлд шууд хүндхэн нөлөөлөх нь ойлгомжтой. Бүр газрын тосны нийлүүлэлтэд үүссэн эрсдэл, даатгал болон тээврийн зардлын өсөлт нь үнэ өсөх гол хүчин зүйл болж, зах зээлд мэдрэгдэх савлагааг улам гүнзгийрүүлсээр байна. Ормузын хоолойн тогтворгүй байдал нь шатахууны үнээр дамжин дэлхийн бүх орны хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүрч, халаасыг нь тэмтэрч байдаг ийм л зүйл.

Монгол Улсын хувьд энэ Ойрх Дорнодын бүс, Ормузын хоолойгоор газрын тос, тосон бүтээгдэхүүн  шууд импортолдоггүй ч дэлхийн зах зээлийн хэлбэлзлээс ангид байж чаддаггүй. Учир нь ОХУ-ын газрын тосны ханш Сингапурын биржийн ханштай уялдаж байдаг. Тэгэхээр хоёр улсын Засгийн газар шатахуун тасралтгүй нийлүүлэх гэрээтэй ч үнийн хувьд өсөхгүй гэсэн баталгаа байхгүй. Хэрэв Ормуз нээгдэхгүй бол ирэх 6-р сараас АИ-92 шатахууны үнэ нэмэгдэх магадлалттай. Харин дизель түлшний хувьд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд тусгагдаагүй тул өсөх нь ойлгомжтой болсон. Иймд шатахууны үнэ өсөх нь тээврийн зардлыг нэмэгдүүлж, улмаар өргөн хэрэглээний хүнс бараанаас эхлээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Мах гурилын үнэ өссөн, төгрөгийн ханш "шал арчиж" байдаг. Энэ эрсдлийг манай Засгийн газар яажшуухан "зөөлөн газардуулах" бол. Ормузын хоолойг нээж хаахыг ажиглах биш эрсдэлт цаг үеийг давах бодлого л нэн шаардлагатай байна. Арай Ормузын хоолойн хаалт нээлтийг хараад хий найдаад сууж байгаа юм биш биз?