БОР ТЭЭГ АЛТАН ҮЕ ДУУСАХААС ӨМНӨ АМЖИХ УУ?...

2026-01-13
БОР ТЭЭГ АЛТАН ҮЕ ДУУСАХААС ӨМНӨ АМЖИХ УУ?...


Монгол Улсын Засгийн газар Бортээгийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлаа эхлүүлж, олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг тандах нээлттэй санал авах хүсэлт зарлахаар болсон. Г.Занданшатарын Засгийн газар өөдрөг, ашиг орлого, ил тод байдал, ард иргэдийн хүртэх үр өгөөжийг онцолж буй ч бодит байдал дээр Бортээг бол Монголын эдийн засгийг аврах шидэт шийдэл гэхээсээ илүү цаг хугацаатай уралдсан төсөл хэвээр байна.
Бортээгийн орд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг ордын нэг хэсэг. 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн ч баталгаажуулах шатны ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд л дуусна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар Бортээг бол олборлолт эхлэхэд бэлэн уурхай биш төсөл төдий байна. ТЭЗҮ дууссаны дараа хөрөнгө оруулалтын шийдвэр, гэрээ хэлэлцээ, дэд бүтэц, олборлолт эхлэх хүртэл дор хаяж хэдэн жил шаардагдана. Ийм тохиолдолд бодит орлого 2028–2030 оноос нааш орж ирэх магадлал тун бага.
Гэтэл дэлхийн нүүрсний зах зээл энэ хугацаанд Монголыг хүлээж суухгүй. Манай экспортын гол хэрэглэгч БНХАУ эрчим хүчний бүтцээ эрчимтэй өөрчилж, сэргээгдэх эх үүсвэр, цахилгаанжуулалтыг түлхүү хөгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого чангарч, 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл бодитой яригдаж эхэлсэн. Ийм нөхцөлд Бортээгийг ашиглалтад оруулах хугацаа хэт сунжирвал Монгол Улс нүүрсний “алтан үе”-ийн сүүлчийн боломжийг алдах эрсдэлтэй тулгарах нь бодит үнэн.
Засгийн газар Бортээгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улсын орлого нэмэгдэж, Үндэсний баялгийн сан арвижиж, ард иргэдийн хүртэх үр өгөөж өснө хэмээн тайлбарлаж байна. Гэвч Монголын уул уурхайн өмнөх томоохон төслүүдийн туршлагаас харахад ийм амлалтууд бодит амьдрал дээр хэрэгжсэн билүү? 
 Нүүрсийг түүхийгээр нь экспортолж, үнэ тогтоох эрх мэдэл зах зээл болон худалдан авагч талд төвлөрсөн хэвээр байхад эдийн засагт орох ашиг нь түр зуурын валютын урсгалаар хязгаарлагдах магадлал өндөр.
Албан ёсоор ил тод, нээлттэй сонгон шалгаруулалт явуулна, нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтооно, төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдоно гэж мэдэгдэж буй. Гэвч бодит байдал дээр өмнөх төслүүд дээр яагаад ил тод байдал алдагддаг, яагаад эцсийн гэрээнүүд олон нийтэд ойлгомжгүй болдог, яагаад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл цаасан дээр үлддэг вэ гэсэн асуултууд энэ удаад ч хариулт нэхсээр байна. Улс төрийн нөлөө, богино хугацааны ашиг сонирхол энэ төслийг ч тойрч гарахгүй байх вий гэсэн болгоомжлол үндэслэлгүй биш.
Бортээгийн орд бол боломж мөн. Гэхдээ энэ боломж Монголын институцийн чадавх, төрийн шийдвэр гаргах хурд, шударга байдлыг шалгах хатуу сорилт юм. Хэрэв бид цаг алдаж, улс төрөө даахгүйд хүрвэл эсвэл дахин богино ашиг хөөвөл Бортээг Монголын эдийн засгийг тэтгэх бус харин нүүрсний гол үеийг алдаж дуусгасан бас нэг жишээ болон үлдэх эрсдэлтэй. Харин эсрэгээрээ хурдан, бодитой, хатуу шийдвэр гаргаж, Монголд ашигтай нөхцөлийг үнэхээр хэрэгжүүлж чадвал Бортээг нь Монгол Улс нүүрсний эринээс алдагдал багатай гарч болох сүүлчийн том боломж байж ч мэднэ.