ГАДНЫ БАНК АЮУЛ УУ, БОЛОМЖ УУ?
Монгол Улсад Солонгос, Япон, Унгарын банкууд үйл ажиллагаа явуулах санал тавьж, дэмжиж өгөхийг УИХ-ын дарга Н.Учралаас хүсжээ. Өмнө нь ОХУ, БНХАУ-ын банкууд ч мөн энэ асуудлыг хөндөж байв. Тэгвэл гадаадын банк Монголд орж ирж, үйл ажиллагаа явуулахын давуу болон сул тал нь юу вэ?
Энэ асуултын цаана бодлогын хүүг банкны үйл ажиллагаатай шууд адилтгаж ойлгох түгээмэл ойлголт бий. Үнэндээ бодлогын хүү гэдэг нь аль нэг банкны зээл олгох хүүнээс илүүтэйгээр тухайн улсын мөнгөний бодлогын “суурь орчин”. Монгол Улсад төгрөг гэдэг нэг л мөнгөн тэмдэгт эргэлдэж, нэг л инфляц, нэг л ханш, нэг л санхүүгийн систем оршиж байгаа тул гадаад, дотоод гэж ялгалгүй бүх банк нэг мөнгөний бодлогын хүрээнд ажиллана. Хэрэв гадаад банк Монголбанкны бодлогын хүрээнээс гадуур, өөрөөр хэлбэл бодлогын хүүд захирагдахгүйгээр үйл ажиллагаа явуулбал Монголын мөнгөний бодлого утга учраа алдаж, инфляц, ханш, санхүүгийн тогтвортой байдалд хяналт тавих боломж үндсэндээ үгүй болно. Ийм учраас дэлхийн аль ч улсад гадны банк орж ирсэн ч тухайн улсын төв банкны бодлогыг дагаж ажилладаг.
Хэрэв гаднын банк манай бодлогоос гадуур ажиллаж, өөрийн эх үүсвэрээр хяналтгүй зээл олгож эхэлбэл Монголын мөнгөний бодлого сулран, инфляц, ханш, санхүүгийн тогтвортой байдалд заналхийлэх эрсдэл үүснэ. Тиймээс гадаад банк бодлогын хүүнд захирагдана гэдэг нь тэднийг “хязгаарлаж” байгаа хэрэг бус харин нэг зах зээлд нэг дүрмээр тоглуулж байгаа зохицуулалт юм.
Гэхдээ бодлогын орчин ижил байна гэдэг нь банкуудын өрсөлдөх чадвар адил байна гэсэн үг бас биш ээ. Бодлогын хүү бол банкнуудын ажиллах суурь орчин бөгөөд яг энэ ижил орчин дээр л жинхэнэ өрсөлдөөн бий болно. Учир нь гадны банк олон улсын зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэр татах боломжтой, толгой банкныхаа дэмжлэгтэй, эрсдэлийн удирдлага, технологи, туршлага сайтай байдаг нь бодлогын хүү ижил байсан ч илүү уян хатан, илүү урт хугацаатай, илүү хямд нөхцөл санал болгох боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл нэг дүрмээр, нэг талбай дээр жинхэнэ чадвараараа өрсөлдөх нөхцөл бүрдэж, манай санхүүгийн систем илүү ил тод, илүү сахилга баттай болох суурь тавигдана. Дотоодын банкуудын хатуу нөхцөл шалгуур буурч, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэнэ.
Эндээс үндэсний аюулгүй байдлын асуудал руу шилжье. Олон нийтийн дунд гадаад банк зах зээлийн тодорхой хувиас хэтэрвэл аюултай гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэвч Монголд ч, дэлхийн бусад оронд ч “гадаад банк зах зээлийн 30, 40, 50 хувиас хэтрэхгүй” гэсэн хатуу тоон хязгаар бодитоор тогтоосон жишээ байдаггүй.
Олон улсын туршлагаас харахад зарим улсад гадны банкууд зах зээлийнх нь дийлэнх хувийг эзэлсэн ч санхүүгийн аюулгүй байдлаа алдаагүй хэвээр байдаг. Харин эсрэгээрээ гадаад банкны оролцоо бага байсан ч үндэснийх нь цөөн банк зах зээлийг хэт төвлөрүүлж, нэг эх үүсвэрээс бүхэлдээ хамааралтай болбол илүү том эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл асуудал “гадаад” гэдэгтээ бус, харин хэт төвлөрөл зах зээлд монопол үүсгэж буйд оршиж байна.
Тиймээс Гадаад банк орж ирэх нь өөрөө үндэсний аюулгүй байдалд нэг их харшлахгүй. Харин хяналт сулрах, бодлогын нөлөө алдагдах, санхүүгийн урсгал цөөн эх үүсвэрт төвлөрөх үед л жинхэнэ эрсдэл үүснэ. Иймээс манай төр засаг, төв банкны бодлого нь гадаад банкны зах зээлийн “хувийг” урьдчилж тооцоолоход бус, харин лиценз олголт, өмчлөлийн бүтэц, системийн ач холбогдол, хамаарал, эрсдэлийн удирдлагыг тогтмол хянахад чиглэх учиртай.
Э.Чинзаяа
