ГЕОПОЛИТИКИЙН ОГТЛОЛЦОЛД ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ОХУ-Д САНУУЛАВ

2026-02-15
ГЕОПОЛИТИКИЙН ОГТЛОЛЦОЛД ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ОХУ-Д САНУУЛАВ

Томилолт: Сэтгүүлчийн тэмдэглэл

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-13-ны хооронд ОХУ-ын Төрийн Думын даргын урилгаар Москва хотод айлчлав. Албан ёсны айлчлалын хүрээнд хоёр улсын парламентын хамтын ажиллагааны комиссын хоёрдугаар хуралдаан болсон бөгөөд Монголын талаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, ОХУ-ын талаас Алексей Васильевич Гордеев нар даргалан явуулав. Хуралдаанд Монголын талаас УИХ-ын гишүүн Б.Бейсен, Р.Сэддорж, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, А.Ариунзаяа, Ж.Золжаргал, С.Одонтуяа, П.Мөнхтулга, М.Мандхай, Л.Энхнасан, Д.Рэгдэл, Р.Батболд, Д.Пүрэвдаваа нар оролцлоо. Монгол Улсын их Хурал, ОХУ-ын Холбооны хурал хоорондын харилцааны байнгын механизмыг байгуулах нь зүйтэй гэж талууд үзсэний үндсэн дээр анх 2023 онд  хоёр улсын хамтын ажиллагааны Комиссын Улаанбаатар хотноо зохион байгуулж байв. Энэ удаагийн Комиссын хуралдаан хоёрдахь удаагийнх бөгөөд цаашид талууд ээлжлэн зохион байгуулах маягаар үргэлжлэх юм.

Хуралдааны уур амьсгал хийгээд онцлох мэдээллүүдийн дор багцалъя...

Хоёр улсын парламент хоорондын комиссын хуралдаанд уламжлал ёсоор улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аж үйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй бизнесийн салбарын хамтын ажиллагаа гээд стратегийн түншлэлийн хүрээнд дэх хамтын ажиллагаа хэрхэн өрнөж буй сэдвүүд хөндөгдлөө. Н.Учрал даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүд, сайд нар дэс дараалан салбарын асуудлуудаа хөндөж Оросын талаас хариулт авцгаав.

Стратегийн түншлэлийн хүрээнд яригддаг уламжлалт сэдэв болоод цаанаас бэлтгэгдсэн “бид шийдвэрлэхээр ажиллаж байна”, “энэ талаар хэлэлцэнэ”, гэх  нэг хэвийн хариулттай  “монотон” хурал эхэлсэн ч өрнөл хэсгийн мэтгэлцээнүүд “асааж” өгөв. Ялангуяа Монголын талыг төлөөлж буй УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж дипломат хэлэлцээг эн тэнцүү явуулах мэдрэмжтэй аж.

Б.ПҮРЭВДОРЖ “САНУУЛАХ БУС ШААРДАВ”

Хурлын үеэр Б.Пүрэвдорж Эгийн голын цахилгаан станцыг барих асуудлыг зоримгоор хөндлөө.

Хөндөхдөө ихэд шаардангуй өнгөөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын хүрээнд байгуулагдсан Эгийн голын  усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх санамж бичгийг “сайтар сануулав”. Мөн санамж бичгийн хүрээнд хоёр улсын Засгийн газар хамтарч байгаль орчны үнэлгээ хийх ажлын үр дүн хангалтгүй байгааг дурдаад, Эгийн голын усан цахилгаан станц нь аль ЗХУ-ын үед байгаль орчинд хор нөлөөгүй гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарч байсныг дахин тодотгосон нь дипломат уулзалтыг эн тэнцүү болгож өгөв.  Эгийн голын усан цахилгаан станц бол Монголын эрчим хүчний бие даасан байдлын бэлгэдэл болсон төсөл. Гэвч олон жил геополитикийн сонирхлын огтлолцолд гацсан хэвээр байна. Оросын талаас өгдөг уламжлалт “дипломат, бөөрөнхий” хариултын дунд ийм өнгө аястай, илүү захиргаадсан байр суурь илэрхийлэгдсэн нь хуралдааны уур амьсгалыг өөрчилсөн юм. Геополитикийн мөнхийн зовуурь болсон Эгийн голын усан цахилгаан станц хэдэн жил яригдаж, хэчнээн жил гацаж буй билээ. Цаад шалтгааны эздийн “бөөрөнхий” дипломат хариултаас харахад Б.Пүрэвдоржоос ийм захиргаадсан шаардангуй өнгө аястай үг цухалзана гэж тооцоолоогүй биз.

Монгол Улс ОХУ-тай стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай, 100 гаруй жилийн найрсаг харилцаатай мөнхийн хөршүүд гэх “шошго”-той ч дипломат харилцаанд нэг талын эрх ашгийг хангасаар ирсэн нь үнэн. Түүхэн цаг хугацаанд Оросын талын эрх ашигт Монголын тал буулт хийж ирсэнтэй маргах хүн үгүй биз. Манай улстөрчид ч бүрэн эрхт тусгаар тогтносон Монголын төлөөлж байж Орос хэлээр харилцан ярилцдаг дипломат бус үйлдлүүд илт тавгүйтүүлдгийг нуух юун. Ийм үйл явдал энэ удаагийн комиссын хуралдаанд С.Одонтуяагаас гарав.

С.ОДОНТУЯАГИЙН ОРОС ХЭЛ

С.Одонтуяа гишүүний хувьд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, COP 17 Монгол Улсад  зохион байгуулагдах асуудлаар тавьсан илтгэлээ Орос хэл дээр уншсан нь Оросуудын талархлыг хүлээж, чанга алга ташилтаар “шагнуулав”. Оросын талаас өгсөн синхроны чихэвчийн орчуулга муу дээрээ С.Одонтуяагийн Орос хэл дээрх илтгэлийн үеэр бүр ажилласангүй. Оросууд өөрсдөө бүрэн ойлгож буй болохоор тэр биз...

Аливаа төрийн айлчлалд өөрийн эх хэлээр ярих нь үндэсний бэлгэдэл бөгөөд дипломат тэгш зарчимтай нийцнэ. Учир нь Монгол Улс бол ОХУ-ын нэг Республик биш бөгөөд манай дипломатчид улс төрчид холбооны бүрдэл субъектийг төлөөлж ирээгүй гэдгээ цаашид  санах нь зүйтэй. Эх хэл бол ард түмний дархлаа, тусгаар тогтнолын гол тулгуур улсаа төлөөлж буйгаа харуулах гол нэрийн хуудас билээ. Мөн дэлхийн аль ч улсууд хоорондоо хэлэлцээ хийхдээ өөр өөрийн улсын хэл дээр явуулдаг нь хоёр талын харилцааг, хүндэтгэлтэй, харилцан тэгш түвшинд авч үзэж буй илрэл болдог. Айлчлалын гэрээ хэлэлцээр албан мэдэгдлүүд ч тухайн орны хэл дээр албан ёсоор бүртгэгдэн үлддэг билээ.

Б.ДЭЛГЭРСАЙХАН САЙДЫН ХҮСЭЛТ

УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан багтсан. Тэрээр хоёр улсын парламентын хамтын ажиллагааны комиссын хуралдааны үеэр сэтгүүлчдэд хамгийн түрүүнд салбарынхаа асуудлаар мэдээлэл өгөв. Б.Дэлгэрсайхан сайд үг хэлэхдээ хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт болон төмөр зам, агаарын тээврийн асуудлыг онцолсон юм. Хоёр орны төмөр замын харилцаа нь эдийн засгийн төдийгүй бүс нутгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтойг мөн тодотгосон. Харин УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төсөлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэйг тэмдэглээд суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлд санхүүжилтийн эх үүсвэрийн асуудал тулгарч байгааг дурдлаа. Үүнээс гадна Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэж байгааг танилцуулав. Онгоц замдаа ОХУ-ын Красноярск хотод арилжааны буулт хийх тул Монголын "Аэро Монголиа" компанид зөвшөөрөл олгохыг Оросын талаас хүслээ. ОХУ-Украины дайны улмаас 2022 оноос хойш хоёр улсын нийслэлийг холбосон, шууд нислэг зогссон. Хэрэв замдаа аль нэг хотод түр зогсохгүй бол УБ-Москва чиглэлд долоон цаг, Москва-УБ чиглэлд таван цаг орчим нисэх боломжтой юм.     

М.БАДАМСҮРЭНГИЙН МАХНЫ ЭКСПОРТ

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг тодотголоо. Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас чөлөөлөгдөх 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн гэдгийг онцлоод харилцан өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд тарифын бус саад тотгорыг багасгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон. Түүнчлэн мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр ОХУ-д мэргэжилтнүүд бэлтгэх 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх санал солилцсон юм. Харин ОХУ-ын төлөөлөгчид М.Бадамсүрэнгийн саналыг дэмжиж хүлээн авч энэ тал дээр бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байв. Мөн Монголын талаас хийгдэх махны экспортыг нэмэгдүүлэх нь нээлттэй бөгөөд Монголын тал малаа Оросын вакцинд хамруулах, эрүүл ахуйн шаардлага хангасан гэдгээ батлах юм бол махны экспорт нэмэгдэх боломжтой гэх хариуг өгсөн юм. Нэг талаас боломж олгож буй мэт харагдавч, нөгөө талаас стандартын хамаарал бий болгох механизм ч байж болох талтай байхыг үгүйсгэх аргагүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Р.СЭДДОРЖ 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийн хөндсөн асуудлуудаас анхаарал татсан сэдэв бол хоёр улсын хоорондын төлбөр тооцооны асуудал, тэр дундаа Монгол Улсын Засгийн газар Евразийн хөгжлийн банканд гишүүнээр элсэх хүсэлтийн талаар байв. Хэрэв монгол улс Евразийн Хөгжлийн банканд гишүүнээр элссэн тохиолдолд хоёр улсын хоорондын төлбөр тооцоо заавал Хятадын ардын банкаар дамжих шаардлагагүй болно гэдгийг уулзалтын дараа мэдээлсэн юм. Үүнээс гадна хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын төлөвийн талаар үг хэлсэн. Энэ үеэр экспорт, импортын зөрүүтэй байдлыг анхаарах, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бизнесүүд хоорондын харилцаанд тулгардаг шимтгэл, төлбөрийн дарамтын асуудлыг хөндлөө.

Харин ОХУ-ын талаас Монгол Улсад гадаадын банк нээгдэх асуудал яригдаж байгааг тодотгож өгөв. Тэр дундаа талуудын хоорондох төлбөр тооцооны системийн хүндрэл, саад тотгорыг арилгахын тулд ОХУ-ын талаас СБЕРБАНК болон ГАЗПРОМБАНК-ны салбарыг Монгол Улсад нээвэл төлбөр тооцооны асуудлыг нэгмөр шийдвэрлэх боломжтой гэх санааг илэрхийлсэн юм.

Г.ДАМДИННЯМ САЙДЫН "ХЭЛЭЛЦЭЭР"

Монгол Улсын хэрэгцээний шатахууны нөөцийг ОХУ-ын хил орчмын бүс орчимд хадгалах, агуулах түрээслэн нөөц бүрдүүлэх боломжийн талаар санал солилцож хоёр талаас хамтран ажиллах асуудлыг хөндөж байв.

ЭЦЭСТ нь, Хоёр улсын парламент хоорондын комиссын хоёрдугаар уулзалт дипломат үг хэллэгийн хүрээнд өрнөсөн ч зарим зарим үед ашиг сонирхлын зөрчил, байр суурийн ялгаа ил гарлаа. Монголын талаас тавьж буй асуудлууд бүх цаг үед яригддаг сэдвүүд мөн бөгөөд дээр нь Сибирийн хүч-2 хийн хоолойн төсөл, бага оврын атомын цахилгаан нэмэгдсэн юм. Манай талаас тавьж буй эдгээр саналуудыг нэг нэгээр нь салангид шийдвэрлэх гэхээсээ илүү ТОМ ТӨСЛҮҮДИЙГ хамтад нь хэрэгжлүүлэнэ гэх хариуг ОХУ-ын талаас өгсөн нь улс төрийн “ТОДОРХОЙ” хариулт болов.

Гэвч Орос Монгол хоёр улс стратегийн түнш хэвээр. Харин стратегийн түншлэл бодит утгаараа хэрэгжих эсэх нь зөвхөн тунхаглалд бус ийм уулзалтууд дээр илэрхийлэгдэх байр суурь, тэр нь ажил хэрэг болж чадах эсэхээр хэмжигдэх билээ.

Э.Чинзаяа