Ойрх Дорнодод дайны гал "ДҮРЭЛЗЭВ"

2026-02-28
Ойрх Дорнодод дайны гал "ДҮРЭЛЗЭВ"

Ойрх Дорнодын нөхцөл байдал огцом хурцдаж, “шинэ дайн” эхэллээ хэмээн дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. АНУ-Израилын хамтарсан хүчин Иранд “Агуу уур хилэн” нэртэй цэргийн тусгай ажиллагаа зарлан, агаарын довтолгоо эхлүүлээд байна. Энд “харгис бүлэглэлүүдийг устгах цэргийн тусгай ажиллагаа” гэх нэршил гойд ихээр анхаарал татав. Учир нь ОХУ Украинд халдан довтлохдоо “Украины фашизмыг устгах цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор дайн зарлаж бүрэн эрхэт тусгаар тогтносон улсын газар нутагт цөмрөн орсон билээ. 

Иймээс АНУ-Израилын энэхүү ажиллагаа бүрэн хэмжээний дайн болон өргөжих үү, эсвэл 2024 оны Иран-Израилын хурцадмал байдал намжсан шигээ намдах уу гэдгийг одоогоор хэлэхэд эрт байна. 

Харин нэгэнт эхэлсэн дайн амархан дуусдаггүй, сунжрах хандлагатай байдаг нь л үнэн билээ. Ер нь дайн нэг өдөр гэнэтхэн эхэлдэггүй, талуудын олон жилийн турш хуримтлагдсан сөргөлдөөн цэргийн мөргөлдөөнд шилжиж буй нь энэ юм. 

Ойрх Дорнод дахь хүчний тэнцвэр олон жилийн турш хоёр гол тэнхлэг дээр тогтож иржээ. Нэг талд нь Иран бүс нутаг дахь нөлөөгөө тэлэх стратеги явуулж байсан бол нөгөө талд нь Израил болон түүний гол холбоотон АНУ Ираны цөмийн болон цэргийн чадавхыг хязгаарлах бодлого баримталсаар ирсэн. Энэ зөрчил өмнө нь ихэвчлэн дипломат түвшний заналхийлэл, шууд бус сөргөлдөөн хэлбэрээр илэрдэг байв. Өөрөөр хэлбэл Сири, Ирак, Йемений зэвсэгт бүлгүүдээр дамжсан мөргөлдөөн давамгайлж байсан гэхэд хилсдэхгүй. 

Түүх ингэж эхэлсэн. 

1979 оны Ираны хувьсгал. Тэр үед Иран барууныг дэмжсэн хаант засгийг түлхэн унагаж, исламын бүгд найрамдах улс болсон бөгөөд шинэ удирдлага АНУ болон Израилыг бүс нутгийн гол өрсөлдөгч хэмээн зарласан. Үүнээс хойш хоёр тал шууд тулалдахаас зайлсхийсэн ч тасралтгүй сөргөлдсөөр ирсэн. За тэгээд 1990-ээд оноос эхлэн зөрчлийн төв нь Ираны цөмийн хөтөлбөр болов. Израил Ираныг цөмийн зэвсэгтэй болбол өөрийн оршин тогтнолд шууд аюул учирна гэж үздэг байсан бол Иран энэхүү хөтөлбөрөө энхийн зориулалттай гэж тайлбарлаж байв. АНУ ээлж дараалан хориг тавьж, дипломат шахалт үзүүлсэн ч үл итгэлцэл улам гүнзгийрсэн. Ингэснээр талууд шууд дайн хийхийн оронд “сүүдрийн дайн” эхлүүлсэн. Тухайлбал кибер халдлага, нууц ажиллагаа, бүс нутгийн зэвсэгт бүлгүүдээр дамжсан мөргөлдөөнүүд нэмэгдсээр байсан юм. Харин энэ удаад нөхцөл байдал өөрөөр эргэв. АНУ болон Израил Ираны цэргийн байгууламжууд руу шууд цохилт өгсөн нь олон жилийн турш баригдаж ирсэн “улаан шугам”-ыг давсан үйл явдал болов. Ер нь Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш Америкийн гадаад бодлогод дипломат харилцаан дахь “улаан шугам”-ыг хэнэггүй давах хандлага ажиглагдах болсон. Шинэ оны дараахан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог унтлагын өрөөнөөс нь "шүүрчихсэн" шүү дээ. Юун олон улсын хууль, эрхзүй, гэрээ, конвенц, халдашгүй дархан байдал. Гэхдээ энэ бол өөрөө тусдаа том сэдэв. Өмнөх нийтлэлүүдэд ч бий. 

АНУ-ын зүгээс энэхүү ажиллагааг Ираны пуужингийн хөтөлбөр болон бүс нутгийн зэвсэгт бүлгүүдийг дэмжих сүлжээг саармагжуулах зорилготой гэж тайлбарлаж буй. Харин Тегераны хувьд АНУ-Израилын хамтарсан довтолгоо нь тусгаар тогтнолд нь халдсан шууд үйлдэл гэж үзэгдсэн тул хариу арга хэмжээ авах нь бараг зайлшгүй шаардлага тулгарсан. Эс бөгөөс тусгаар улс биш болчихно шүү дээ

Тэгвэл Ираны хариу довтолгоо стратегийн хувьд анхаарал татав. Эхлээд Израил руу пуужин харвасан ч Израилын агаарын довтолгооноос хамгаалах системүүд ихэнхийг замд нь устгасан. Үүний дараа Иран Персийн булангийн бүсэд байрлах АНУ-ын цэргийн дэд бүтцийг онилж эхэлсэн нь мөргөлдөөний цар хүрээг илт өргөжүүлсэн алхам болов. Бахрейн дахь Америкийн тэнгисийн цэргийн бааз, Катар дахь  агаарын бааз, мөн АНЭУ, Кувейт орчмын цэргийн байгууламжууд ээлж дараалан Ираны довтолгоонд өртөв. Дээрх улсууд ч бэлэн байдалд шилжин, иргэд нь сандран үймэлдэж буй бичлэгүүд цахим орчинд дүүрэн байна. Ингээд АНУ-ын цэргийн баазын орчимд амьдарч буй иргэдээ нүүлгэн шилжүүлж, агаарын түгшүүрийн дохио зарлаж эхэллээ. Кувейт, Бахрейн зэрэг улсууд Ираны зарим  пуужинг замд нь амдан устгаж байгаа ч бүс нутгийн аюулгүй байдал үндсэндээ алдагдсан гэж хэлж болно.

Түүнчлэн пуужингийн зам дайрсан Йордан хүртэл хамгаалалтын ажиллагаанд оролцох шаардлагатай болсон нь мөргөлдөөн бүс нутгийн шинжтэй болж буйг ийнхүү харуулж байна.

Иран яагаад эдгээр улсуудыг сонгосон бэ гэж та бодож байна уу? Хариулт нь их энгийн. Ер нь геополитик л доо.  Персийн булан бол дэлхийн газрын тосны амин судас бөгөөд энд байрлах АНУ-ын баазууд бүс нутгийн цэргийн нөлөөний гол тулгуур юм. Иран шууд АНУ-ын эх газар руу довтлох боломжгүй ч холбоотон орнууд дахь цэргийн баазуудыг онилох нь стратегийн хувьд АНУ-д шууд дарамт үзүүлж буйтай адил. Өөрөөр хэлбэл дайныг бүрэн тэлэлгүйгээр хүчээ харуулах сонгодог арга юм. Харин АНУ-ын томоохон баазад олон хүний амь хохирох, эсвэл газрын тосны тээврийн зам тасалдах зэрэг ноцтой үйл явдал гарвал мөргөлдөөн шууд бүрэн хэмжээний дайны шатанд шилжих эрсдэлтэй.

Персийн буланд усан цэргийн мөргөлдөөн гарвал дэлхийн эдийн засаг шууд л доргилт авна. Учир нь энэ бүс нутаг дэлхийн нефтийн нийлүүлэлтийн томоохон хэсгийг хянадаг тул аливаа цэргийн хурцадмал байдал зах зээл дээрх үнийг тэр даруй өсгөдөг.

Хэрэв мөргөлдөөн бүрэн хэмжээний дайн болон өргөжвөл Персийн булангийн улс орнууд бүх хүчээ дайчилж, эдийн засаг төдийгүй иргэний салбар хүртэл дайны горимд шилжинэ. Гэвч талууд аль аль нь ийм дайны бодит үнэ өртгийг сайн мэдэж байгаа учраас нөхцөл байдлыг хурдан намжаах алхам хийнэ гэж найдах л үлдэж байна. 

Гэвч бид Орос-Украины дайн эхлэхэд ч тэгэсгээд намжих биз хэмээн найдсан шүү дээ гэж үү? Тэгвэл дэлхийн дэг журам нэгэнт үгүй болсныг ажиглах л үлдлээ...

Э.Чинзаяа